Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

УИХ дэмжихгүй бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрохгүй

УИХ дэмжихгүй бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрохгүй

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрох тухай мэдэгдэл хийлээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөөр болсон анхны тохиолдол юм. Түүнийг түр эзгүйд УИХ-ын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.

Тэгвэл энэ нь хуулийн ямар процесс дамжихыг тайлбарлая. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд ингэж заасан байна.

1. Ерөнхийлөгчийн хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэнэ.

2. Байнгын хороо санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна.

3. УИХ ил санал хураалт явуулна.

4. Гишүүдийн олонх дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батална.

Хэрэв УИХ дэмжихгүй бол Ерөнхийлөгчийн хүсэлт хэрэгжихгүй. Тэрбээр бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, УИХ зөвшөөрөөгүй байхад Ерөнхийлөгчийн бүрэн эрх автоматаар дуусгавар болохгүй.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ “Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч гэсэн эрхэм хүндтэй алба хашдаг. Тийм учраас Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү халдана гэдэг бол ард түмэн рүү халдаж байна гэсэн үг. Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа руу халдаж байна гэсэн үг. Сүүлийн нэг сарын хугацаанд гэмт бүлэглэлийнхэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдаж байна. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгөөд, шалгуулах шаардлага гаргасан байна лээ. Би үүнтэй санал нэг байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүн үнэмшихийн аргагүй, хүнд ноцтой гэмт хэрэгт гүтгэн доромжилж байна. Ингэж болдог юм болов уу. Ерөнхийлөгч юм болгон руу үсчээд, хариу өгөөд байж болохгүй, хариуцлагатай алба гэдгийг та бүхэн маань мэдэж байгаа байх. Тийм учраас жирийн иргэний хувиар шалгуулж, үнэн зөвийг тогтоолгоно.

Тангараг өргөсөн энэ хугацаандаа албаа нэр төртэй хаасан. Монгол Улсын нэр хүнд гадаад, дотооддоо өслөө. Хувь хүнийхээ хувьд худлаа хэлж, хулгай хийж, хуурч мэхэлж явсангүй. Шударга ёс тогтохын төлөө өөрийн эрхэм дээд энэ албыг хүлээлгэн өгч байна. Нэр төрөө сэргээлгэхийг хүссэн юм” гэлээ.

0/1000