Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

У.Хүрэлсүхийн сайн дураар огцорсон түүхүүд

У.Хүрэлсүхийн сайн дураар огцорсон түүхүүд

2012.11.01-нд У.Хүрэлсүх “Гэр бүлийн хүнээ гадаад болон дотоодод урт хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай тул чөлөөлж өгнө үү” хэмээн УИХ-ын гишүүний сонгуульт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн юм. 2012.11.08-нд УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн, нууцаар санал хурааж, гишүүдийн 58.3 хувийн саналаар чөлөөллөө.

Тэр намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Түүний оронд Д.Сарангэрэл УИХ-ын гишүүн болсон.

УИХ дахь АН-ын болон “Шударга ёс” эвслийн бүлэг У.Хүрэлсүхийг гишүүнээр үлдээх хүсэлт илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Нэгнийхээ зовлонгоор тоглож байгаа юм шиг гишүүнээс татгалзуулах нь буруу. Тэгэхээр чөлөөг нь олгоод, гишүүнээр нь үлдээе” гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “У.Хүрэлсүх гишүүнийг эхнэрийнхээ төлөө ийм зүйл хийж байгаад сэтгэл хөдлөж байна. Яг ийм үед найз нөхөд, хамт олны хувьд тусалж дэмждэг. Тэгэхээр бид яг ийм хүнд үед нь гишүүнээс чөлөөлөх нь цаашаа гэж байгаагаас ялгаа алга. Бид гишүүнд хангалттай чөлөөг нь өгөх хэрэгтэй” гэсэн санал гаргасан.

Харин МАН-ын бүлэг түүнийг гишүүний сонгуульт ажлаас чөлөөлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байв. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Үнэхээр гачигдалтай байхад нь янаглан хорлож байгаа юм шиг гишүүнээс чөлөөлөхгүй байх нь буруу. Гэр бүлийн гишүүн нь өвдөж байхад Ц.Оюунгэрэл гишүүний хэлсэн үг таалагдахгүй байна. Өдөр шөнөгүй нэгнээ муулдаг ийм үед эхнэрүүд тэсэх нь ховор. Та нар үлдээх кноп дараад, тэгээд МАН-ынхан харгис, АН-ынхан сайхан гэсэн яриа гаргана. Тиймээс нэгнээ хорлох ажиллагаа явуулахгүй байхыг хүсэж байна” гэв.

2017.08.17-нд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гаргажээ. Тэрээр өргөдөлдөө Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үйл ажиллагаа, 60 тэрбумын гэх хэрэгтэй холбоотойгоор түүнтэй хамтран ажиллах боломжгүй болсон тухайгаа бичсэн байдаг.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат түүний хүсэлтийг зөвшилцөхөөр 2017.08.22-нд Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан. Ерөнхийлөгч Х.Баттулга “Шадар сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах болсон шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл авсны үндсэн дээр зөвшилцөх шаардлагатай гэж үзэж байна. Таны ирүүлсэн албан бичигт Шадар сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хавсаргаагүй байх тул зөвшилцөх нөхцөл бүрдэхгүй байна” гэсэн хариу өгчээ.

Ийн У.Хүрэлсүх Шадар сайдын албан тушаалаа хүлээлгэж өгөлгүй явсаар сарын дараа 2017.10.04-нд 30 дахь Ерөнхий сайд болсон түүхтэй.

2021.01.21-нд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх хугацаанаасаа өмнө Засгийн газраа огцруулав. Чуулганы хуралдаанд оролцсон 63 гишүүний 60 нь буюу 95.2 хувь нь дэмжсэнээр У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон юм.

Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорсон анхны тохиолдол болов. Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцордог.

Түүнтэй хамт огцорсон сайд нар:

  • Шадар сайд – Я.Содбаатар
  • ЗГХЭГ-ын дарга – Л.Оюун-Эрдэнэ
  • Гадаад харилцааны сайд – Н.Энхтайван
  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Сарангэрэл
  • Сангийн сайд – Ч.Хүрэлбаатар
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд – Х.Нямбаатар
  • Эрчим хүчний сайд – Н.Тавинбэх
  • БСШУ-ын сайд – Л.Цэдэвсүрэн
  • Зам тээврийн хөгжлийн сайд – Л.Халтар
  • ХХААХҮ-ийн сайд – З.Мэндсайхан
  • Соёлын сайд – С.Чулуун
  • Эрүүл мэндийн сайд – Б.Цогтбаатар
  • Барилга хот байгуулалтын сайд – Б.Мөнхбаатар
  • Батлан хамгаалахын сайд – Г.Сайханбаяр
  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд – А.Ариунзаяа
  • Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон

Үүнээс 4 сар гаруйн дараа 2021.06.10-нд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон түүхтэй.

2026.11.17. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх / MPA

2026.11.17-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрох тухай мэдэгдэл хийлээ. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөөр болсон анхны тохиолдол юм.

Тэр УИХ-ын гишүүний сонгуульт ажил, Засгийн газрын тэргүүний албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч байв. Тэр бүрт У.Хүрэлсүхийг АН авч үлдэхээр хичээдэг байлаа. Харин энэ удаад түүнийг огцрохыг АН шаардсан нь онцлог боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгөөд шалгуулах шаардлага гаргасан байна лээ. Би үүнтэй санал нэг байна. Ерөнхийлөгч юм болгон руу үсчээд, хариу өгөөд байж болохгүй, хариуцлагатай алба гэдгийг та бүхэн маань мэдэж байгаа байх. Тийм учраас жирийн иргэний хувиар шалгуулж, үнэн зөвийг тогтоолгоно” гэлээ.

0/1000