Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийг шаардсан олон улсын өргөдөлд 62 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ

Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийг шаардсан олон улсын өргөдөлд 62 мянга гаруй хүн гарын үсэг зуржээ

Малайз Улсад 2006 онд онц хэрцгийгээр амиа алдсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийг шаардсан “Dignity for Altantuya” олон улсын цахим өргөдөлд 62,350 хүн гарын үсгээ зуржээ.

Талийгаачийн эцэг С.Шаарийбуу охиныхоо амь насыг хөнөөсөн хэргийн үнэнийг бүрэн тогтоож, холбогдох этгээдүүдэд хариуцлага тооцуулахын төлөө 20 жилийн турш тэмцэж байгаа юм. Тэрбээр Малайзын Холбооны шүүхэд давж заалдах өргөдөл гаргасан бөгөөд уг гомдлыг дэмжиж, олон нийтээс гарын үсэг хүсжээ.

Энэ сарын 12-нд Монгол Улсын Засгийн газрын тусгай элч Г.Занданшатар Куала Лумпур хотод хэвлэлийн бага хурал хийж, Малайзын талд дөрвөн хүсэлт тавьснаа танилцуулсан. Үүнд С.Шаарийбуугийн давж заалдах гомдлыг шударгаар шийдвэрлэх, Австралид байгаа хэрэгт холбогдсон этгээдээс гэрчийн мэдүүлэг авах, өмнө нь шалгаагүй нотлох баримтуудыг нягтлах, шүүх ажиллагааны явцын талаар Монголын талд албан ёсоор мэдээлэх асуудал багтжээ.

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэрэгт Малайзын цагдаагийн тусгай албаны хоёр ажилтан ял шийтгүүлсэн боловч хэргийг захиалсан байж болзошгүй этгээдүүдийн асуудал өнөөг хүртэл маргаантай хэвээр байна.

Монголын тал олон улсын цахим өргөдөлд нэгдэж, Ш.Алтантуяагийн гэр бүлд шударга ёс тогтоохыг шаардаж буй уриалгыг түгээхийг олон нийтээс хүсжээ.

Цахим өргөдөлд энд дарж гарын үсэг зурна: https://www.change.org/p/justice-for-altantuya-shaariibuu

0/1000