Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгаар урсах Ховд гол дээр, Шижигтийн хавцалд манай улс усан цахилгаан станц барьж байна. Уг станцын ойр орчмыг ШУА-ийн Археологийн хүрээлэн тэргүүтэй 6 байгууллага энэ оны 10 дугаар сараас малтан судалж байгаа юм. Судлаачид Ховд голын сав газраас эртний хүмүүсийн оршуулгын зан үйл, ахуй соёлыг илтгэх чулуун хашлагатай булш илрүүлж, малтлага, судалгаа хийж байна.
Энд хавтгай, том чулуунуудыг нямбайлан өрж, хүний цогцос багтаах хэмжээний тэгш өнцөгт хэлбэрийн чулуун авс (хайрцаг) үүсгэн, хүн оршуулсан байв. Монгол-Алтайн бүс нутагт Хүрэл, Түрүү төмрийн үе болон эртний нүүдэлчид хүнийг ингэж оршуулах нь түгээмэл байжээ.

УЦС байгуулж буй талбайд усанд автах эрсдэлтэй түүх, соёлын үл хөдлөх дурсгал олон бүртгэгдээд байгаа аж. 28 мянга орчим га талбайд хийсэн хайгуулаар археологийн 608 дурсгал илрүүлжээ. Үүний 585-ыг нь авран хамгаалах малтлага хийж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах шаардлагатай үүссэн байна. Уг судалгаа 2027 он дуустал үргэлжилнэ.



