Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

“МАК цемент” ХХК 16.3 тэрбум төгрөгийн татвар, торгуул, алданги төлөхөөр болов

“МАК цемент” ХХК 16.3 тэрбум төгрөгийн татвар, торгуул, алданги төлөхөөр болов

“МАК цемент” ХХК 2020.01.01-2022.12.31-ний хоорондох албан татвар ногдуулалт, төлөлтөө шалгуулахаар Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт гаргажээ. Үүний дагуу 2024.10.16-2024.12.31-ний хооронд татварын улсын байцаагч нар шалгалт хийжээ. Ингээд 9 тэрбум 130 сая 67 мянга 248.5 төгрөгийн татвар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, 3 тэрбум 569 сая 995 мянга 966.99 төгрөгөөр торгож, 3 тэрбум 684 сая 842 мянга 115.84 төгрөгийн алданги тооцжээ.

Үүнийг “МАК цемент” ХХК эсэргүүцэн, уг татвар, торгуул, алдангийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026.05.04-нд уг хэргийг хэлэлцээд “Татвар нөхөн ногдуулсан актын 1 дэх хэсэгт хамаарах үйл баримт нь татварын хууль тогтоомжийн зохицуулалт, зарчимд нийцээгүй. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж дүгнэсэн байна.

Харин “Татварын байцаагч нар Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн заалтыг зөв хэрэглэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгуул ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй” гэж үзжээ.

Ингээд “МАК цемент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, татвар нөхөн ногдуулсан актын 1 дэх хэсгийг хүчингүй болгож, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2026.07.22-нд “Анхан шатны шүүх татвар нөхөн ногдуулсан актын 1 дэх хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “МАК цемент” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон аж.

УДШ үүнийг өнөөдөр хянаад, “Давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй” гэж үзэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.07.22-ны өдрийн 221/МА2026/0506 дугаар магадлалыг хэвээр үлдээлээ. Үүгээр “МАК цемент” ХХК нийт 16 тэрбум 384 сая 905 мянга 331.33 төгрөгийн төлбөр төлөхөөр болов.

0/1000