АПУ ХК Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-тай 25 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү санхүүжилтээр “Үйлдвэрийн Хаягдал Ус цэвэрлэх байгууламж”, “Хаягдал шаар, хөрөнгө боловсруулах үйлдвэр” болон “Зүүн бүсийн автомат агуулах” гэсэн Тогтвортой хөгжлийн стратегийн өндөр ач холбогдол бүхий гурван том бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх юм.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жахан Шамсиев: “Зуу гаруй жилийн түүхтэй АПУ компани нь бат бөх үнэ цэнийг бүтээж, олон үеийн хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн компани юм. Бид АПУ-гийн үйлдвэрийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээс эхлээд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэвтрэх хүртэл хөгжлийн чухал үе шатуудад нь дэмжиж ирсэндээ бахархдаг. Өнөөдрийн төсөл нь АПУ компани, Монголын сүүний салбар, мөн байгаль орчны хувьд чухал ач холбогдолтой. Ийм стратегийн чухал ач холбогдолтой төсөл дээр бидэнтэй хамтран ажиллаж байгаад дахин талархал илэрхийлье.” хэмээн онцоллоо.
Зээлийн санхүүжилтийн нийт хугацаа 5 жил байх ба нэг жилийг хөнгөлөлттэй нөхцөлд хамруулсан нь төслийн үр дүнг хурдасгаж, тогтвортой, ногоон хөгжил, нийгэм, эдийн засагт оруулах хувь нэмрийг өргөнөөр үнэлж байгаагийн илэрхийлэл болж байна. Нийт дүнгийн 20.25 сая ам.доллартай тэнцэх хэсгийг ЕСБХБ урт хугацаат “төгрөгийн” хөрөнгө оруулалтын зээл хэлбэрээр, 4.75 сая ам.долларыг Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сан (Climate Investment Funds, CIF) -гийн эх үүсвэрээс “ам.долларын” хөнгөлөлттэй нөхцлөөр тус тус олгохоор боллоо.

АПУ ХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: “ЕСБХБ-тай бид анх 2009 онд хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан. Өнгөрсөн хугацаанд савлалтын үйлдвэрийн шинэчлэл, шинэ шар айрагны үйлдвэр, автомат агуулах, АПУ Дэйри үйлдвэрийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд нийт 103 сая ам.долларын хөрөнгө оруулалтын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлж, хэрэгжүүлсэн билээ. Өнөөдрийн энэхүү гэрээ нь бидний урт хугацааны, харилцан итгэлцэл дээр суурилсан түншлэлийн дараагийн чухал алхам болж байна. Энэ удаагийн санхүүжилт нь зөвхөн дэд бүтэц, технологийн шинэчлэлд чиглэсэн хөрөнгө оруулалт бус, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах, нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах бодит үр дүн бий болгоход чиглэсэн хөрөнгө оруулалт юм.” хэмээн тус тус онцоллоо.

Үйлдвэрийн Хаягдал Ус цэвэрлэх байгууламж нь үйлдвэрийн хаягдал усыг цэвэрлэж, дахин ашиглах боломжийг нэмэгдүүлж буй олон улсын стандартын, хувийн хэвшлийн Монгол дахь анхны хамгийн өндөр хүчин чадалтай ус цэвэрлэх байгууламж болж буйгаараа онцлогтой юм. Техникийн туслалцааны хүрээнд цэвэрлэсэн усыг үйлдвэрийн дотоод хэрэгцээнд болон үйлдвэрээс гадуур дахин ашиглах төлөвлөгөө боловсруулж, усны чанарын хяналт-шинжилгээний тогтолцоо, лабораторийн чадавхыг бэхжүүлнэ.
Хаягдал шаар, хөрөнгө боловсруулах үйлдвэр нь спирт болон шар айргийн үйлдвэрлэлээс гарах дайвар бүтээгдэхүүнийг дахин боловсруулж, малын тэжээлийн түүхий эд үйлдвэрлэхээр зорьж байна. Мөн сүүний фермерүүдийн малын тэжээлийн чанарыг сайжруулж, сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор гурван жилийн тэжээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь байгаль, орчин, хөдөө аж ахуйн салбарт ногоон хөгжлийн үр ашигтай сүлжээг бий болгож өндөр өгөөжтэй систем бий болгоход хувь нэмрээ оруулах юм.

Зүүн бүсийн автомат агуулахын төсөл нь бараа хадгалах, түгээх үйл ажиллагааг автоматжуулж, үр ашгийг дээшлүүлэх зорилготой бөгөөд түгээлт хийх маршрут оновчтой болсоноор Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулж, хэрэглэгчдэдээ ойртож түлшний хэмнэлт үүсч, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үр дүнтэй төсөл болж байна.


