АНУ-ын Флорида мужийн Майами хотыг дэлхий даяар хүлээлт үүсгээд буй “Grand Theft Auto VI” (GTA VI) видео тоглоомын нээлтийг угтан тоглоомд гардаг зохиомол Вайс-Сити болгон тохижуулж байна. Хотын гудамж, далайн эрэг, худалдаа үйлчилгээний газруудад тоглоомын өнгө төрхийг шингээсэн сурталчилгааны самбар, чимэглэл, байгууламжууд бий болжээ.
Уайндвүүд дүүргийн өнгөлөг гудамжнаас эхлээд Саут-Бичийн наран шарлагын газар хүртэл “Vice City”, “Vice Beach” гэсэн бичигтэй самбарууд байрлуулсан байна. Үүнийг үзэхээр тоглоом сонирхогчид төдийгүй жуулчид Майамиг зорих болжээ. Зарим зочид буудал, баар, кофе шоп, фитнес төвүүд ч тоглоомын сэдэвтэй чимэглэлээр үйлчлүүлэгчдээ татаж байна.
Нью-Йоркийн их сургуулийн оюутан Лео Фридман Майамид ирсэн зорилгоо тайлбарлахдаа “Тоглоом гарахаас өмнө Вайс-Сититэй холбоотой зүйлсийг өөрийн нүдээр үзэхийг хүссэн. Энэ бол бидний нэлээд удаан төлөвлөсөн аялал. Би энэ тоглоомыг бараг 10 жил хүлээж байна” гэжээ.
“Save Miami Beach” байгууллагын үүсгэн байгуулагч Даниел Сиралдо энэ үзэгдлийг 1980-аад оны “Miami Vice” телевизийн цувралтай зүйрлэжээ. Түүний хэлснээр уг цуврал Майами-Бичийн далайн эрэг, неон гэрэл, өнгөлөг архитектурыг дэлхий дахинд таниулсан бол одоо GTA VI шинэ үеийнхэнд Майамиг дахин сурталчилж байна.
Гэхдээ тоглоомд дүрсэлсэн гэмт хэрэг, авлига, тансаг хэрэглээ зэргийг бодит хотын амьдралтай андуурч болохгүйг тэрбээр анхааруулсан байна. GTA VI нь Майамигийн онцлогийг егөөдөл, хэтрүүлэгтэйгээр харуулсан уран сайхны бүтээл юм.
Майами хотынхон тоглоомын нээлтийг бизнесийн боломж болгон ашиглаж байна. Хойд Майами-Бич дэх “Multi-Vest Video Games” дэлгүүрийн эзэн Жеффри Жан Барт тоглоомын нээлтээс өмнө 450 хувь борлуулаад байгаа бөгөөд эрэлтээ дагаад нэмэлт бараа татах шаардлагатай болжээ.
Түүнчлэн Майами-Дейд тойргийн захиргаа тоглоомын нээлттэй холбоотой 3.9 сая ам.долларын маркетинг, сурталчилгааны багц зарласан байна. Үүнд тойргийн хэмжээнд байрлуулах сурталчилгааны самбар, танилцуулга зэрэг багтаж байгаа аж.
“Grand Theft Auto VI” тоглоом нь Леонида хэмээх зохиомол мужид өрнөх бөгөөд цувралын өмнөх ангиудад гарч байсан Вайс-Сити хотод тоглогчдыг дахин аваачих юм. Тус тоглоомыг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд худалдаанд гаргахаар товлосон бөгөөд өмнөх GTA V тоглоомоос хойш 13 гаруй жилийн дараа шинэ анги нь гарч байна.


