Бразилын Амазоны ширэнгэн ойн алслагдсан бүсэд тусгаарлагдмал амьдардаг уугуул иргэдийн нэгэн бүлэг гаднын хүмүүстэй уулзсан нь тэдэнд учирч буй аюул заналыг дахин анхаарлын төвд орууллаа. Байгаль хамгаалагчид болон уугуул иргэдийн эрхийг хамгаалагчдын мэдээлснээр, мод бэлтгэгчид, анчид, мал аж ахуй эрхлэгчдийн хууль бус үйл ажиллагаа тэдний амьдрах орчинд заналхийлж байна.
Их Британид төвтэй “Survival International” байгууллага арваннэгдүгээр сарын 17-нд Бразилын зүүн хойд хэсгийн Мараньян мужид болсон уулзалтын гэрэл зургуудыг нийтэлжээ. Тус байгууллагын мэдээлснээр, өмнөх өдөр нь төрийн албаныхны баг Амазоны ойд амьдардаг Ава үндэстний гаднынхантай байнгын харилцаа тогтоогоогүй 20 орчим хүнтэй уулзсан байна. Тэд уулзалтын үеэр хоол хүнс хүсжээ.
“Survival International” байгууллага ийм уулзалтыг сүүлийн хэдэн арван жилд тохиолдоогүй түүхэн үйл явдал хэмээн тодорхойлсон байна. Тэдний үзэж буйгаар, уугуул иргэдийн амьдардаг нутаг дэвсгэрт гаднын хүмүүс нэвтрэх нь нэмэгдсэнтэй холбоотойгоор тусламж хүссэн байж болзошгүй аж.
Бразилын уугуул иргэдийн асуудал эрхэлсэн Фунай агентлаг уг нөхцөл байдалтай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлжээ. Гэхдээ төрийн байгууллага тэдэнтэй зориудаар холбоо тогтоохыг зорихгүй бөгөөд тусгаарлагдмал уугуул иргэдтэй харилцахгүй байх бодлогоо үргэлжлүүлж байгааг мэдэгдсэн байна.
Гэрэл зургуудыг Амазоны хууль бус мод бэлтгэл, мал аж ахуйн үйл ажиллагаатай тэмцдэг “Амазоны хамгаалагчид” нэртэй уугуул иргэдийн бүлгийн хүсэлтээр нийтэлсэн гэж тус байгууллага мэдээлжээ.
Сүүлийн хэдэн арван жилд Амазоны ширэнгэн ойд гаднынхантай харилцаа тогтоохоос зайлсхийж ирсэн олон уугуул иргэдийн бүлэг хууль бус алт олборлогчид, мод бэлтгэгчид болон мал аж ахуй эрхлэгчдийн түрэмгийлэлд өртөх болжээ. Энэ нь тэдний амьдрах орчин, уламжлалт амьдралын хэв маяг, цаашлаад оршин тогтноход нь ноцтой аюул учруулж байна.


