Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Хөдөлмөр эрхлэлтийн санд 106.7 тэрбум төгрөг баталжээ

Хөдөлмөр эрхлэлтийн санд 106.7 тэрбум төгрөг баталжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж асуулга тавьсан. Үүний хариуг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын өмнөөс Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр (2026.11.17) УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд танилцуулав. Т.Аубакир сайд гадаадад томилолтоор яваа аж.

Хөдөлмөр эрхлэлтийн сангийн төсөв буураагүй ч бүтэц нь өөрчлөгджээ. Тус сангийн 2027 оны төсөвт аймаг, дүүргүүдийн санхүүжилтийг хасалгүйгээр 2026 оны түвшинд буюу 106.7 тэрбум төгрөг баталсан байна. Энэ сангийн мөнгийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, ажилгүйдлийн түвшин, зорилтот бүлгийн хэрэгцээ зэргийг үндэслэн аймаг, дүүрэгт хуваарилдаг. Орон нутагт хуваарилсан санхүүжилтээр 2025 онд 34.826, 2026 оны 3 дугаар улирлын байдлаар 20.115, нийт 55 мянга гаруй хүнийг ажилтай болгосон тухай Л.Энх-Амгалан сайд танилцуулав.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат мэдээлэл, танилцуулга хангалтгүй байгааг шүүмжилж, үйлдвэрлэлийн осол, ажилгүйдэл нэмэгдэж буйн шалтгаан, түүний шийдэл, бодлогын талаар асуулт тавьсан гэдгээ хэлсэн юм. Тэрээр “Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого сүүлийн жилүүдэд даатгалын зарлагыг нөхөж чадахгүй болсон. Үйлдвэрлэлийн ослын даатгалын санд 300 гаруй тэрбум төгрөг үлдсэн байхад урьдчилан сэргийлэх ажлын гүйцэтгэл хангалтгүй байгаа. 2025 онд үйлдвэрлэлийн ослоор 73 хүн амиа алдсан” гэж сануулав.

0/1000