Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчтэй хүн цөөрөхгүй буурахгүй байна. 2021-2025 онд улсын хэмжээнд үйлдвэрлэлийн 2678 осол бүртгэгдэж, 308 хүн амиа алдсан бол 2026 оны 9 дүгээр сарын байдлаар 635 осол гарч, 54 хүн нас баржээ. Энэ 11 дүгээр сарын байдлаар ослын тоо 740-д хүрч, амиа алдсан хүний тоо 64 болсон байна. Үйлдвэрлэлийн осол уул уурхай, боловсруулах үйлдвэрлэл, барилга, тээвэр, агуулахад хамгийн их гарч буйг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарансүх өчигдөр (2026.11.17) УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд мэдээллээ.
Хүний амь эрсэдсэн ослын эзлэх хувь барилгын салбарт, мэргэжлээс шалтгаалах өвчин уул уурхайн салбарт өндөр байгаа аж. Мэргэжлээс шалтгаалах өвчин туссан хүмүүсийн 77.2 хувь нь уул уурхайн салбарт байна. Манай улсад мэргэжлээс шалтгаалах өвчтэй гэж бүртгэгдсэн хүн нийт 4327 байдаг аж. Тэдний 2029 нь тэтгэвэр авдаг. Өвчтөнүүдийн 50.8 хувь нь тоосжилтоос үүдэлтэй амьсгалын тогтолцооны, 26.7 хувь нь мэдрэлийн өвчин туссан бол 10-аад хувь нь химийн бодисын хордлогод оржээ.
Мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 15 мянга орчим ажилчинд эрүүл мэндийн үзлэг хийдэг юм байна.

