ЦЕГ 11 дүгээр сарын 5-наас 12 дугаар сарын 5 хүртэл “Зэвсэг 2026” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллахаар болжээ.
Үүгээр иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн тоолж, бүртгэн, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалж буй нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчилнэ.
Бүртгүүлээгүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа, гэмт хэрэгт ашигласан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг давхар авах аж. Галт зэвсгийн хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх хяналт шалгалтыг үүнтэй уялдуулан хийх юм байна.

