“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК болон харьяа компаниудын худалдан авах ажиллааны талаарх мэдээллийг гүйцэтгэх захирал Б.Даваадалай нь УИХ-ын Төсвийн байнгын хорооноос өнөөдөр зохион байгуулсан “Төрийн худалдан авах ажиллагаа (2006-2026 он)” сэдэвт хэлэлцүүлэгт танилцуулав. 2007 онд байгуулагдсан “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяанд алт, мөнгө, зэс, нүүрс, хүдэр зэрэг ашигт малтмал хайх, олборлох, баяжуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 компани бий.
Тус нэгдэл төсөвт татвар, хураамж төвлөрүүлж, Орон нутгийн хөгжлийн санд зохих хувийг хуваарилдаг. “Энэ жилийн 1 ихнаяд төгрөгийг 7 хоногийн өмнө улсын төсөвт шилжүүлсэн. Үндэсний баялгийн санд 1.5 ихнаяд төгрөг төвлөрүүлсэн бол ногдол ашигт 1 ихнаяд төгрөг хуваарилсан. 2027 онд 3.5 ихнаяд төгрөгт хүргэх зорилт тавиад байгаа.
Худалдан авах ажиллагааны тухайд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн толгой компани, харьяа компани ялгаатай байдаг. Толгой компани ерөнхий стратеги, бизнес төлөвлөгөө баталж, аудит оруулж, үр дүнг хянадаг. Захиалагч өөрөө худалдан авалтаа хийх, эсвэл Төрийн худалдан авах газарт шилжүүлж болдог. Уул уурхайн салбарын худалдан авалт олон жил үргэлжилдэг, өндөр дүнтэй гэрээ байгуулдгаараа онцлог. Хайгуул, техникийн эрсдэл их. Баяжуулалтаас эхлээд нэмүү өртөг бүтээхтэй холбоотой олон төрлийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авдаг.
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК өнгөрсөн хугацаанд 37.5 ихнаяд төгрөгийн худалдан авалт хийсэн. Дийлэнх худалдан авалт 2018 оноос хийгдсэн. “Тавантолгой” компанийн үйлдвэрийг өргөтгөсөнтэй холбоотойгоор худалдан авалтын дүн огцом өөрчлөгдсөн” гэж гүйцэтгэх захирал Б.Даваадалай мэдээлэв.
Давхардсан тоогоор 29.418 аж ахуйн нэгжээс тус нэгдэл бараа, ажил, үйлчилгээ худалдан авчээ. Үүний 73 хувийг нээлттэй тендерээр авсан байна. Нийт худалдан авалтын 91 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хийжээ.
Тус нэгдлийн харьяа компаниудад оногдох худалдан авалт:
- 56 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК,
- 36 хувийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,
- 2 хувийг “Монголросцветмет” ТӨҮГ,
- 2 хувийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр,
- 1 хувийг “Багануур” ХК,
- 3 хувийг бусад 9 компани
Худалдан авалтыг бараа, ажил, үйлчилгээгээр ангилбал:
- Гэрээт олборлолт, хөрс хуулалт, тэсэлгээ зэрэг 49 хувь
- Барилга угсралт, засвар, бараа 9 хувь,
- Түлш, тосолгооны материал 8 хувь,
- Сэлбэг, эд анги 6 хувь,
- Машин, тоног төхөөрөмж 5.5 хувь,
- Химийн урвалж, бодис 3.4 хувь
Эдгээрийн 73 хувийг нээлттэй тендерээр шалгаруулан, худалдаж авчээ.
2018-2026 онд тус нэгдлийн тендертэй холбоотой 1500 орчим гомдол Сангийн яаманд иржээ. Үүнийг 50 хувийг үндэслэлтэй гэж дүгнэсэн байв.

