Дэлхийн хамгийн хүчирхэг гурван улсын удирдагч болох АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалт олон улсын анхаарлын төвд орлоо. Тэдний энэ уулзалтыг 1945 оны Ялтын бага хуралтай зүйрлэж, “Шинэ Ялта” хэмээн нэрлэж байна. Энэ уулзалт Дэлхийн улс төрд ямар өөрчлөлт авчрах бол гэсэн асуултыг дагуулж байна.
Яагаад Ялтын бага хуралтай зүйрлэв?
1945 оны 2 дугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль, ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин нар Ялта хотод уулзаж, Дэлхийн II дайны дараах Европын хувь заяа, улс орнуудын хил хязгаар, нөлөөний бүсийг хэлэлцсэн юм. Тухайн уулзалтын үр дүнд Зүүн Европын олон улс ЗХУ-ын нөлөөнд орсон түүхтэй.
Харин энэ удаа АНУ, ОХУ, БНХАУ-ын удирдагчид бусад улсын оролцоогүйгээр Дэлхийн аюулгүй байдал, дайн мөргөлдөөн, худалдаа, цөмийн зэвсгийн асуудлыг хэлэлцэх гэж байна. Энэ нь Ялтагийн уулзалтын үр дагавартай ижил төстэй болгоомжлол төрүүлж байна.
Гурван удирдагч тус бүр юу хүсэж байна вэ?
- Доналд Трамп: Украины дайныг зогсоох, цөмийн зэвсэг хянах асуудлаар дипломат амжилт гаргах, Хятадтай худалдааны харилцаагаа сайжруулахыг зорьж байна. Тэрбээр энэхүү уулзалтаар олон улсын тавцанд томоохон дипломат амжилт байгуулсан Ерөнхийлөгч болж харагдах сонирхолтой.
- Ши Жиньпин: Хятадыг Дэлхийн шинэ дэг журмыг тодорхойлох гол гүрэн гэдгийг харуулахыг хүсэж байна. Гэхдээ АНУ, ОХУ-тай цөмийн зэвсгийн асуудлаар ижил түвшинд хэлэлцээ хийхийг төдийлөн дэмжихгүй байгаа аж.
- Владимир Путин: ОХУ-ыг Дэлхийн бодлогыг тодорхойлогч том гүрний нэг гэдгийг дахин бататгах, Украины дайны асуудлаар Москвад ашигтай нөхцөл бүрдүүлэхийг зорьж байна.
Украин, Европ яагаад түгшиж байна вэ?
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ уулзалтыг 1945 оны Ялтын бага хурлын давталт болгох ёсгүйг анхааруулжээ. Түүний болгоомжилж буй гол зүйл нь Украины ирээдүйг Украины оролцоогүйгээр 3 том гүрэн шийдэх явдал юм.
Европын орнууд ч мөн адил түгшиж байна. Тэдний үзэж буйгаар, АНУ, ОХУ, БНХАУ Дэлхийн нөлөөний бүсээ харилцан тохиролцож эхэлбэл Украин, Тайвань зэрэг маргаантай асуудалд жижиг болон дунд хэмжээний улсуудын тусгаар тогтнол, ашиг сонирхол хохирч болзошгүй.
“The Guardian” сонины тоймч Рафаэль Берийн бичсэнээр, гурван удирдагч Дэлхийн хүчний тэнцвэрийг өөрсдөө тодорхойлох дүр зураг бий болгож байгаа нь Европын хувьд ноцтой анхааруулга юм.
Гэхдээ тэд үнэхээр Дэлхийг хувааж чадах уу?
Олон улсын шинжээчид энэ уулзалтыг шууд 1945 оны Ялтын бага хуралтай адилтгах нь өрөөсгөл гэж үзэж байна. Учир нь 3 улсын ашиг сонирхол хоорондоо ихээхэн зөрчилтэй. АНУ, Хятад худалдаа, технологийн өрсөлдөөнтэй хэвээр байгаа бол ОХУ, Хятад хоёрын харилцаа ч бүх асуудлаар бүрэн нийцдэггүй.
Хятад улс түүнчлэн Украины асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Тухайн улсын оролцоогүйгээр ирээдүйг нь шийдэхийг дэмжихгүй” гэсэн зарчим баримталдаг. Тиймээс 3 удирдагч нэг ширээнд суух нь Дэлхийн газрын зургийг дахин хуваах тохиролцоонд хүрнэ гэсэн үг биш юм.
Эцэст нь, энэ уулзалтын хамгийн том үр дүн бол ямар нэгэн гэрээ хэлэлцээрээс илүүтэйгээр Дэлхийн хамгийн хүчирхэг 3 гүрний удирдагч нэг дор сууж, олон улсын ирээдүйн талаар ярилцаж буй түүхэн дүр зураг байж мэднэ. Харин тэдний гаргах шийдвэрийг ширээний ард суух эрхгүй үлдсэн улс орнууд хэрхэн хүлээж авах нь Дэлхийн улс төрийн дараагийн том сорилт болох юм.


