Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

М.Наранпүрэв: “Урсофальк”-ийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас хассан

М.Наранпүрэв: “Урсофальк”-ийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтаас хассан

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-ыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар 2 жил тутам шинэчлэн баталдаг. Уг жагсаалтыг 2026 оны 5 дугаар сард шинэчлэн баталжээ.

Иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай, эмчилгээний үр нөлөө нь амьдрал дээр батлагдсан эмийг энэ жагсаалтад оруулжээ. Олон улсын болон Монгол Улсын эмнэлзүйн зааварт тусгасан эмүүдийг үүнд хамруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 31.3-т заасан 9 зарчим болон ДЭМБ-ын “Зайлшгүй шаардлагатай эмийн жишиг жагсаалт” зэрэг эх сурвалжид үндэслэсэн 17 шалгуураар эмүүдийг үнэлсэн байна.

Насанд хүрэгчдэд зориулсан эмийн жагсаалтад 44 нэрийн эм нэмж, 85 нэрийн эм хасаж, нийт 546 нэрийн эм багтаажээ.

Хүүхдэд зориулсан эмийн жагсаалтад 22 нэрийн эм нэмж, 30 нэрийн эм хасаж, нийт 238 нэрийн эм оруулсан байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга, доктор М.Наранпүрэв:

-Зайлшгүй шаардлагатай эм гэдэг нь өвчинд хамгийн түрүүнд хэрэглэдэг, нотолгоонд тулгуурласан эм байдаг.

Хассан эмүүдийн 1 нь цөс хөөх, шингэлэх зориулалттай “Урсофальк” эм. Энэ бол элэгний үрэвслийн үед элэг хамгаалах эмч биш. Америк, Европ, Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын Элэг судлалын нийгэмлэгээс гаргасан удирдамжинд зааснаар бол анхдагч цөсөн холангит болон цөсний шалтгаантай элэгний хатуурлын үед цөсний үйл ажиллагааг сайжруулах зориулалттай. Бусад шалтгаантай элэгний үрэвсэл, хатуурал, архины шалтгаантай элэгний өвчинд үүнийг хэрэглэх заалт байхгүй. Тодорхой тунгаар эмчийн заавраар хэрэглэхгүй бол гаж нөлөө ихтэй. Тиймээс “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-аас “Урсофальк”-ийг хассан.

Хасагдсан өөр 1 эм бол “Брайнакт” буюу -“Цитиколин”. Энэ эм тархины цусан хангамж сайжруулах нэмэлт эмчилгээнд ордог. Эмнэлзүйн зааврын тухайд тархины цочмог харвалт, тархины цусан хамнгамж сайжруулах эмчилгээнд 1-р сонголтын эм болж батлагдаагүй. Дэмжлэг эмчилгээнд хэрэглэдэг. Нотолгоо нь хангалттай биш. Тиймээс энэ эмийг хассан.

Кето аминхүчил буюу “Ноцид” гэж эмийг бөөрний архаг дутагдалд орсон өвчтөнд диализын аппаратанд орохоос өмнөх шатанд уургийг тодорхой түвшинд барих нэмэлт тэжээл, дэмжлэг эмчилгээнд хэрэглэдэг. Энэ эм эмнэлзүйн зааварт байхгүй, олон улсад дэмжлэг эм болгож хэрэглэдэг. Ийм учраас “Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-аас хассан.

0/1000