АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын уулзалтын өмнөх ёслолын ажиллагааны үеэр нэгэн сонирхолтой дүр зураг бичлэгт үлджээ. Гурван удирдагч хамтдаа гэрэл зураг авахуулах үед Путин Трамп, Ши Жиньпин хоёрын дунд зогсох гэсэн ч түүнийг өөр байрлалд зогсохыг зааж өгсөн нь анхаарал татсан байна.
Арваннэгдүгээр сарын 18-нд Шэньжэнь хотод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын хүндэтгэлийн хүлээн авалтын өмнө удирдагчид хамтдаа гэрэл зураг авахуулжээ. Бичлэгт Ши Жиньпин, Доналд Трамп нар зэрэгцэн зогсож байхад Владимир Путин тэдний дэргэд ирсэн байна. Гэвч Ши Жиньпин гараараа өөр байрлалыг зааж, Путин БНХАУ-ын тэргүүний гэргий Пэн Лиюаний хажууд, Вьетнамын Ерөнхийлөгч То Ламын дэргэд очиж зогсжээ.
Оросын хараат бус хэвлэл Meduza энэ үйл явдлыг Хятад улс Трамп, Путин хоёрт хэрхэн ялгаатай хандаж байгааг харуулсан дөрвөн жишээний нэг хэмээн онцолсон байна. Тус хэвлэлд мэдээлснээр, Ши Жиньпин Трампыг нисэх онгоцны буудалд өөрийн биеэр угтсан бол Путиныг Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Цай Ци угтжээ. Мөн Трампыг хүлээн авалтын үеэр АНУ-ын төрийн дууллаар угтсан бол Путинд зориулж “Щелкунчик” балетын хөгжмөөс эгшиглүүлсэн байна.
Үүгээр зогсохгүй, хүлээн авалтын ширээний зохион байгуулалт ч анхаарал татжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ши Жиньпиний дэргэдэх гол ширээнд суусан бол Путин өөр ширээнд, Пэн Лиюаний нөгөө талд суусан талаар мэдээлсэн байна. Кремлийн туслах Юрий Ушаков Трамп, Путин хоёр өөр ширээнд суусан учраас хоорондоо ярилцах боломж гараагүй гэж гомдоллосон тухай Meduza уламжилжээ.
Харин TVP World уг үйл явдлыг тайлбарлахдаа Путин гэрэл зургийн үеэр Трамп, Ши Жиньпин хоёрын хажууд бус, харин Пэн Лиюань болон Вьетнамын Ерөнхийлөгч То Ламын дунд зогссон гэдгийг онцолсон байна.
Ийнхүү дэлхийн хамгийн хүчирхэг гурван улсын удирдагчдын уулзалтын өмнөхөн болсон энгийн мэт харагдах байрлалын зохицуулалт хүртэл дипломат дохио болон хувирлаа. Путин, Ши Жиньпин хоёрын харилцааг “стратегийн түншлэл” хэмээн тодорхойлдог ч энэ удаагийн ёслолын ажиллагаанд Хятад улс хэнийг гол байр сууринд тавьж байгаагаа нэлээд тодорхой харуулсан гэж ажиглагчид тайлбарлаж байна.


