Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, тус аймгийн засаг дарга Г.Батжаргал нарын 6 хүнд холбогдох авлигын хэргийг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэн, Г.Батжаргалыг хахууль авах, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд 8 жил ажиллах эрхийг нь хасаж, 31.8 сая төгрөгөөр торгов. Ц.Отгонбаярыг хахууль авсан хэмээн дүгнэж, нийтийн албанд 3 жил ажиллах эрхийг нь хасаж, 31.8 сая төгрөгөөр торголоо. Хахуульд авсан 100 сая төгрөгийг нь Г.Батжаргал, Ц.Отгонбаяр нараас тэнцүү гаргуулж, улсын орлого болгуулахаар шийдвэрлэв.
Тус аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаяр, Жаргалант сумын засаг дарга Д.Сайнбилэг, “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхболдын нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 10 сая төгрөгөөр торголоо. “Эко грийнланд” ХХК-ийн нягтлан бодогч З.Эвлэгсайханыг хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг нь 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сая төгрөгөөр торгов.
Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, тус аймгийн ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр нар “Эко грийнланд” ХХК-ийг Тарган, Хөшөөт гэдэг газарт нөхөн сэргээлт хийх тендерт шалгаруулахаар амлажээ. 2017.06.21-нд “Эко грийнланд” ХХК-ийн нягтлан бодогч З.Эвлэгсайханаас Ц.Отгонбаяр аймгийн төвийн 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна 100 сая төгрөгийн хахууль авсан байна.
Ингээд тус компанийг тендерт шалгаруулах үүргийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Ихбаярт өгчээ. Д.Ихбаяр 2017.06.05-нд нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн даргаар томилогдон ажилласан аж. Тарганд нөхөн сэргээлт хийлгэхээр ажлын хэсэг шийдвэрлэсэн ч Хөшөөтөд нөхөн сэргээлт хийлгэх шийдвэр гаргаагүй аж. Д.Ихбаяр үүнийг мэдсээр байж Тарганд нөхөн сэргээлт хийлгэх гэрээнд Хөшөөтийг нэмж, тусгажээ. Үүний дагуу Д.Ихбаяр, Жаргалант сумын засаг дарга Д.Сайнбилэг, “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхболд нар Тарган, Хөшөөт гэдэг газарт нөхөн сэргээлт хийх гэрээг 2017.07.20-нд “Эко грийнланд” ХХК-тай байгуулсан байна.
Жаргалант сумын засаг дарга Д.Сайнбилэг Бөөрөгийн аманд “Ж” ХХК-ийн эзэмшдэг, 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэх нэрээр 2017.06.27, 2018.06.11-нд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г “Агьхаарвист” ХХК-тай байгуулжээ. “Агьхаарвист” ХХК ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компанийн бүртгэлгүй. Зөвхөн зочид буудал, барилга, нийтийн хоолны үйл ажиллагаа явуулдаг аж.
Энэ хэргийг АТГ 2023 онд шалгасан бол прокурор 2002 оны Эрүүгийн хуулийн 268.1 дэх хэсэг (Хээл хахууль авах), 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах), 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлсэн аж.

