Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга С.Бямбацогтод 2026.11.17-нд албан бичгээр ирүүлсэн байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хүсэлтийг өчигдөр хүлээн авч, ёсоор болгосон. Өнөөдөр уг хүсэлтийг чуулган нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-МАН хэр зэрэг ялзарсан байгаагийн үр дүнг бид хэлэлцэж байна. Манайх шиг ийм эмзэг эдийн засагтай, хэвлэл мэдээлэл, тархи угаалт шийдвэр гаргалтад маш хурдан нөлөөлж, шийдвэр гаргадаг. 10 жилийн дараа “У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ингэж ажлаа өгсөн. Та ч бас тэг” гэдэг болох вий.
У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн 1969 дэх өдөр нь өнөөдөр. 221 хоног дутуу байхад өргөдлөө өгч байна. Нийт хугацааны 10 хувь үлдсэн байхад ажлаа өгч байна.
“У.Хүрэлсүх эргэн ирдэг” гэж ард түмэн ярьж байна. Таавчигтай жагсаалаар Ерөнхий сайдын албан тушаалаас буугаад, Ерөнхийлөгч болоод эргэж ирсэн гэж хэвлэлд бичиж байна. Та эргэн ирэх үү? Таныг Ерөнхий сайд, МАН-ын дарга болно гэж хэвлэлд мэдээлж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Их чухал асуудал ярьж байна. Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэсэн заалт байгаа. Яг үнэндээ хамгаалах юм байхгүй юм байна лээ. Гүтгэлгийн хууль байхгүй болсон. Та нар удахгүй өөрсдөө гүтгүүлнэ. ХЗДХ-ийн сайд байсан хүн нь оргон зайлж, хилийн цаана гарчхаад гүтгэж байна ш дээ. Хуулийн байгууллага үүн дээр ямар ч ажиллагаа хийж чадахгүй. Шийдэх хууль байхгүй учраас. 22.1 гэж хууль байна. Энэ улсад ажил хийдэг хүн байхгүй боллоо. Албан тушаал, давуу байдал бий болгосон гээд ажил хийлгэдэггүй. Ажил хариуцдаг хүн байхгүй болсон шүү. ЗГ хүртэл ажил хийж чадахгүй болсон. ҮАБЗ дээр хүртэл ярих уу гэдэг асуудал хүртэл үүссэн.
Үндэсний аулгүй байдлын үзэл баримтлалыг өргөн барихад бэлэн болсон. Өргөн барьж амжсангүй. “У.Хүрэлсүх та эргэн ирэх үү?” гэж асуудаг боллоо. Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж болно шүү дээ.

