Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгуульт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дураар гаргаж, түүнийг нь УИХ өнөөдөр ёсоор болгов. Дараагийн Ерөнхийлөгчийг сонгуулиар сонгож, тангараг өргөтөл Ерөнхийлөгчийн албан үүрэг УИХ-ын даргад шилжлээ.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Ерөнхийлөгчийн үүргийг УИХ-ын дарга хэрэгжүүлэхээр парламентыг Ерөнхийлөгч удирдаж болохгүй. Тиймээс 2 дэд дарга чуулганыг удирдах боломжтой. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэхдээ огт эдэлж болохгүй 3 эрх мэдэл байгаа.
1-рт, УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа УИХ-ыг тараах ямар ч санаачилга гаргах эрхгүй байх ёстой. Тэгэхгүй бол төрийг самарч эхэлнэ. УИХ-ыг тараах асуудлыг Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцдөг. Одоо 1 хүн энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байна.
2-рт, УИХ-ын дарга баталсан хуульдаа өөрөө хориг тавьж болохгүй. Ингэвэл зөрчил үүснэ.
3-рт, УИХ-ын дарга ҮАБЗ-ийг тэргүүлэх гэж байна. ҮАБЗ-д 3 хүн шийдвэр гаргадаг. 1 хүн одоо 2 хүнийг орлох гэж байна. Асуудал үнэхээр ноцтой асуудал үүсээгүй бол 1 хүний 2 шийдвэрийн эрхтэйгээр ҮАБЗ хуралдаж болохгүй.
Өнөөдөр хуулиа батлаад явж болно. Маргааш журмаа батлах ёстой.
УИХ-ын гишүүн С.Даваасүрэн:
-Өөрөө уучлал үзүүлж болох уу? гээд анхаарах асуудал байгаа. Х.Тэмүүжин гишүүнтэй санал нэг байна.
УИХ-ын дарга Д.Бямбацогт:
-Улс орон, үндэсний аюулгүй байдал дээр бидэнд талцан хуваагдах эрх байхгүй. Бидэнд ганцхан эх орон бий.
Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэх хугацаандаа намуудтай хамтран ойлголцол, зөвшилцлийн зөвлөл байгуулж ажиллах болно. Хариуцлагатай хамтран ажиллахыг уриалж байна. Аливаа нам, улс төрийн бүлэглэлийн эрх ашгаас ангид байж, төвийг сахьсан байр сууринаас хандан, ажиллах болно.

