Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Гватемал улсад Майягийн соёл иргэншлийн үеийн хүний бодит хэмжээтэй баримлуудыг олон нийтэд дэлгэлээ

Гватемал улсад Майягийн соёл иргэншлийн үеийн хүний бодит хэмжээтэй баримлуудыг олон нийтэд дэлгэлээ

Гватемал улсад Майягийн соёл иргэншлийн VII-VIII зуунд урласан хүний толгойн дүрст, шаварлаг зуурмагаар хийсэн хэд хэдэн баримлыг олон нийтэд танилцуулжээ. Судлаачдын үзэж буйгаар эдгээр нь Майягийн соёл иргэншлийн дурсгалт зүйлс дундаас нэг дороос олдсон ийм төрлийн баримлын хамгийн ховор, онцгой цуглуулгын нэг юм.

Эдгээр баримал нь Гватемалын хойд хэсэгт орших Мирадорын сав газрын археологийн дурсгалт газарт сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд хийсэн малтлагаар олдсон томоохон цуглуулгын нэг хэсэг аж. Баримлуудын ур хийц, хадгалалтын байдал болон тоо хэмжээ нь судлаачдын анхаарлыг ихээхэн татжээ.

Мирадорын сав газрын археологийн төслийн археологич Дуглас Маурисиогийн хэлснээр, Майягийн соёл иргэншлийн нутаг дэвсгэрээс нэг байгууламжаас ийм олон тооны баримал олдсон өөр жишээ одоогоор бүртгэгдээгүй байна.

Майягийн томоохон хотууд одоогийн Мексикийн өмнөд хэсэг болон Төв Америкийн хэд хэдэн улсыг хамарсан өргөн уудам нутагт 3000 орчим жилийн өмнөөс хөгжиж эхэлжээ. Тухайн үед энэ соёл иргэншил математик, одон орон, урлагийн салбарт өндөр амжилтад хүрсэн юм.

Баримлуудын нүүрний дүрслэл нь үрчийсэн дух, инээмсэглэсэн төрх зэрэг олон янзын илэрхийлэлтэй бөгөөд Майячуудын урлагийн өндөр ур чадварыг харуулж байгааг төслийн сэргээн засварлалтын захирал Лилиан Вега де Зеа онцолжээ. Мөн баримлуудыг бүтээхдээ өнгө будаг бэлтгэх, шаварлаг зуурмаг холих зэрэг олон үе шаттай ажиллагаа явуулж, хэд хэдэн хүн хамтран ажилладаг байсныг тогтоосон байна.

Судлаачдын таамаглаж буйгаар эдгээр баримал нь тухайн үеийн нийгэмд эрх мэдэл, өндөр байр суурь эзэлж байсан хүмүүсийг дүрсэлсэн бөгөөд олон нийтэд тэдний нөлөө, эрх мэдлийг илэрхийлэх зорилготой байжээ.

Түүнчлэн эдгээр олдвор нь Эль Мирадорт Майягийн соёл иргэншлийн хожуу үед хүмүүс дахин суурьшиж байсныг гэрчилж байна. Хотын оргил үе өнгөрснөөс хэдэн зууны дараа цөөн тооны хүн буцаж ирсэн ч өвөг дээдсийнхээ бүтээсэн баримлуудыг хадгалж, хамгаалж байсныг олдворууд харуулж байгаа аж.

0/1000