Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVII хороонд байрлах нийтийн XXI худгаас 11-р сарын 18-ны орой мөнгөн ус илэрчээ. Энэ худгаас гэр хорооллын 1000 гаруй айл ундны усаа авдаг.
Тэдэн дундаас 2 айлын авсан уснаас мөнгөн ус илэрчээ. Хоол хийх гээд тогоондоо ус хийтэл ёроолд нь мөнгөн ус тунасан гэнэ. Тэр даруй цагдаа дуудаж, уг мөнгөн усыг харуулсан байна. Энэ тухай мэдээллээр нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тагнуулын ерөнхий газар, нийслэлийн Онцгой байдлын газар хамтран шалгаж, тухайн айлын савтай уснаас 5-8 гр мөнгөн ус ялган авч, Гамшиг судлалын хүрээлэнгийн Химийн лабораторид өгөн, шинжлүүлж байна.

Мөнгөн ус илэрсэн 2 айлын 10 гаруй хүн дунд 6-7 сартай жирэмсэн 2 эмэгтэй байгаа аж. Тэднийг эмнэлэгт хэвтүүлэн, хордлого тайлах эмчилгээ хийж байна. Үүнээс гадна 1 настай болон 5, 6, 9-р ангийн хүүхэд байгаа аж.
XXI худгийг Ус сувгийн удирдах газрын нийтийн шугамд холбожээ. Уг худагт төвлөрсөн шугамаар ирдэг усыг олон давхар шүүлтүүрээр шүүдэг. Тиймээс худгаас мөнгөн ус гарсан байх боломжгүй гэж УСУГ-ынхан үзэж байгаа аж. Мөнгөн ус ямар замаар айлын ундны усанд орсныг цагдаа, тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байна.

