Эг гол дээр усан цахилгаан станц барих төслийг эхлүүлэх зорилгоор Монгол Улс, ОХУ-ын ШУА-ийн эрдэмтдээс бүрдсэн ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг Москва хотод байрлах Шинжлэх ухааны академийн төв байранд боллоо.
Уулзалтад Монголын талаас ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлээр ахлуулсан 10 эрдэмтэн шинжээч, УИХ-ын гишүүн, төслийг санаачлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, академич Д.Рэгдэл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа нар оролцов. Нөгөө талаас ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Г.Я.Красников, академич И.В.Бычков тэргүүтэй 20 эрдэмтэн шинжээч оролцлоо.
Энэ хэлэлцүүлгээр хоёр орны ШУА-ийн эрдэмтдийн багийн 2 жил хийж гүйцэтгэсэн “Эг голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх нөлөөллийн байгаль орчны иж бүрэн үнэлгээ” судалгааны ажлын голлох үр дүнг хэлэлцэж, эцсийн тайланг ОХУ-ын ШУА-д хүлээлгэн өгөв. Тус судалгааны үр дүн, зөвлөмжийг 2026 оны 12 дугаар сард болох Засгийн газар хоорондын комисст танилцуулахаар шийдвэрлэлээ.



