Гаити улсын нийслэл Порт-о-Пренс хот болон ойр орчмын бүс нутагт цагдаагийн хүчнийхэн гэмт бүлэглэлүүдийн эсрэг тусгай ажиллагаа явуулж, гэмт бүлэглэлийн гишүүн байж болзошгүй 34 хүнийг устгасан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тус ажиллагаа нь сүүлийн жилүүдэд хүчирхийлэл, зэвсэгт бүлэглэлийн хяналт нэмэгдсэн бүс нутгийн аюулгүй байдлыг сэргээх зорилготой юм.
Тусгай ажиллагааг арваннэгдүгээр сарын 19-ний пүрэв гарагт нийслэл Порт-о-Пренс хотын өмнөд хэсэгт орших Мартиссант дүүрэгт явуулсан байна. Цагдаагийн мэдээлснээр, ажиллагааны үеэр цагдаа болон энгийн иргэдээс хүн гэмтэж бэртээгүй аж. Аюулгүй байдлын хүчнийхэн хуягт автомашин ашиглан гэмт бүлэглэлийн нуугдаж байсан байж болзошгүй барилга байгууламжид довтолжээ. Мөн ажиллагааны үеэр тэсрэх төхөөрөмж бүхий нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашигласан талаар мэдээлсэн байна.
Мартиссант дүүрэг нь нийслэл Порт-о-Пренс хотыг улсын баруун болон өмнөд бүс нутагтай холбодог стратегийн чухал замын дагуу байрладаг. Гэвч 2021 оноос хойш зэвсэгт бүлэглэлүүд тус бүсийг хяналтдаа авч, замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүдээс төлбөр нэхэх, эсэргүүцсэн тохиолдолд халдах зэргээр иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаж иржээ. Үүний улмаас олон мянган хүн орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн байна.
Энэ удаагийн ажиллагаа нь Гранд Равин (Grand Ravine) зэвсэгт бүлэглэлийн удирдагч Ренель Дестина буюу Ти Лаплигийн нуугдаж байсан байж болзошгүй байрыг онилсон гэж мэдээлжээ. Тус бүлэглэл нь нийслэл орчмын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хүн хулгайлах, хүн амины хэрэг, зэвсэгт дээрэм зэрэг гэмт хэрэгт холбогддог аж. Гэхдээ амиа алдсан хүмүүсийн дунд бүлэглэлийн удирдагч байсан эсэхийг цагдаагийн байгууллага мэдээлээгүй байна.
Гаити улсын эрх баригчид зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг ажиллагаагаа сүүлийн саруудад эрчимжүүлээд байгаа юм. Өнгөрсөн сард НҮБ-ын дэмжлэгтэй олон улсын аюулгүй байдлын ажиллагаанд оролцож байсан Сальвадорын дөрвөн алба хаагч сураггүй болсны дараа тус улсын Ерөнхийлөгч Найиб Букеле Гаитид 2,500 орчим цэргийн алба хаагч илгээжээ. Гэхдээ арваннэгдүгээр сарын 19-ний Мартиссант дахь ажиллагаанд Сальвадорын цэргүүд оролцоогүй гэж Гаитийн цагдаа нар мэдэгдсэн байна.
НҮБ-ын мэдээллээр, 2026 оны эхний есөн сарын хугацаанд Гаитид аюулгүй байдлын хүчнийхэн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг явуулсан ажиллагааны үеэр 2,250 гаруй хүн амиа алдсаны дотор 300 гаруй энгийн иргэн байжээ. Мөн НҮБ-ын шинжээчид зэвсэгт бүлэглэлүүдийг түр хугацаанд шахан гаргах нь хангалтгүй бөгөөд чөлөөлсөн бүс нутгуудад төрийн хяналтыг тогтвортой тогтоохгүй бол хүчирхийлэл дахин сэргэх, энгийн иргэд хохирох эрсдэлтэйг анхааруулж байна.


