“Ногоон автобусны” гэж нэрлэсэн хэрэгт холбогдсон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, Ч.Мөнхбаяр, Л.Жонсоб, К.Киэбаум нарт холбогдох эрүүгийн хэргийг 2026.10.27-нд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэх байсан ч А.Ганхуягийн өмгөөлөгч ирээгүй. Тэр уг хуралд оролцох боломжгүй тухай хүсэлтээ тус шүүхэд ирүүлсэн байв. Уг хүсэлтийг тус шүүх хүлээн авч, хурлыг 11-р сарын 20 хүртэл хойшлуулсан юм.
Ингээд өнөөдөр (2026.11.20) уг хурал болж байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 22.1-1-д заасан хэрэгт холбогдуулан ял төлөвлөөд байгаа аж.
Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах ажиллагаанд албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдсон Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн гишүүн Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, А.Чойжилсүрэн, автобус хүлээлцэхэд захиалагчийн хяналтын хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа нар болон “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум, “Эм Эс И Партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болортуяа нарт холбогдох 93 хавтаст хэргийг оролцогчоос гаргасан гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Улсын дээд шүүх 2026.04.20-нд хянан хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргасан. Үүнд:
- Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өлбан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж, анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгасан. Энэ шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Энэ талаар прокурор эсэргүүцэл гаргаагүй болохыг дурьдаж хэвээр нь үлдээсэн юм.
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон автобусны хөдөлгүүр нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос тогтоосон “Евро-5” стандартын шаардлагыг хангахгүй байхад техникийн тодорхойлолтыг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн саналд нийцүүлж, тус компанийг сонгон шалгаруулсан үйлдэлд А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэрэг хийсэн гэж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нв үлдээсэн.
Харин давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүд болох С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хайнга хандах” гэмт хэрэг гэж үзэн хөнгөрүүлэхдөө Евро-3 стандартын хөдөлгүүртэй автобус авахаар тогтоосон техникийн тодорхойлолт болон ийм хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ирүүлсэн санал нь нийтийн тээврийг Евро-5 стандартаар шинэчлэх төрийн бодлогод нийцээгүй. Энэ асуудлыг ажлын хэсгийн зарим гишүүн гаргаж тавьсаар байтал “Тэнүүн-Огоо” ХХК-ийг олонхын саналаар төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулж буй үйлдэл, түүнд хандсан сэтгэхүйн хандлага, санаа зорилгыг болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй байх тул магадлалын энэ хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдэл болон оногдуулсан ялыг сэргээв.
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлсэн 20 автобус гэрээнд заасан “Хөдөлгүүр дизель Евро 5” байх, мөн Нийтийн тээврийн газраас баталсан бусад техникийн шаардлагуудыг хангаагүй байхад актад гарын үсэг зурж хүлээж авсан үйлдэлд Б.Алтаншагайг ажлын хэсгийн гишүүн бус гэх үндэслэлээр үүрэг хүлээхгүй хэмээн үзсэн бол Ж.Сүхбаатарыг яллах нотлох баримтууд нь зөрүүтэй нь эргэлзээ үүсгэсэн үндэслэлээр цагаатгасан хоёр шатны шүүхийн шийдвэрийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн.
Энэ хэрэгт хэлэлцэгдээгүй хуульд заасан шинэ нөхцөлд байдалд хамаарах үндэслэл, баримт нотолгоо илэрвэл прокурор шинэ нөхцөл байдлаар энэхүү тогтоолын Ж.Сүхбаатарт холбогдох хэсгийг дахин хянуулах эрхтэй. Түүнчлэн зарим гэрчүүдийн мэдүүлж буй “… дээрээс өгсөн чиглэл …” гэх хэн нь тодорхойгүй нөхцөл байдлын талаар эзнийг олж тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулахад энэ тогтоол саад болохгүйг дурьдах нь зүйтэй.
Гэрээний дагуу автобус хүлээн авах захиалагчийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох А.Чойжилсүрэн, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Лувсандагва, О.Хонгорзул, Д.Цогтбадрах, О.Сүхбаатар нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хайнга хандах гэмт хэрэг болгон, давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэн өөрчилсөн. Ингэхдээ ажлын хэсэг “Тэнүүн-Огоо” ХХК-ийн 20 автобусыг газар дээр нь үзэх явцад техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй болох нь тогтоогдсон байхад “20 автобус шаардлага хангасан” талаар акт, тэмдэглэл боловсруулж, гарын үсэг зурж, хамтын шийдвэр олонхын саналаар хүчин төгөлдөр болоход хүчин чармайлт гаргасан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн байдаг. Энэ талаарх магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Харин ажлын хэсгийн гишүүн Ч.Мөнхбаярыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт буюу өөр хэлтсийн ажил эрхэлдэг тул захиалагчийн хяналтын үүрэг хүлээхгүй гэх үндэслэлээр хоёр шатны шүүхээс цагаатгасан. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалаа.
Дээрх ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээв.
- “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум нар Евро-2 дизель хөдөлгүүртэй автобуснуудыг Евро-5 дизель хөдөлгүүртэй мэт харагдуулах зорилгоор гадаад улсын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрт “Ad blue” төхөөрөмжид ашигладаг банкийг суурилуулан мөн Евро-5 гэсэн наалт нааж хуурч, төөрөгдүүлэх нөхцөл байдлыг бий болгон, зарим автобусыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсний үндсэн дээр төрөөс санхүүжилт авсан. Энэ үйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн арга нь байсан хэмээн хоёр шатны шүүх залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ үндэслэл нь Эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцээгүй гэж УДШ дүгнэж, хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
- А.Ганхуяг, Ц.Болортуяа нарт холбогдох хуулийн этгээдийн гүйцэтгэх эрх мэдлийг урвуулан ашиглаж, бусдад хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээсэн болно.
УДШ-ийн энэ шийдвэрт үндэслэн энэ хэрэгт холбогдсон 5 хүний хэргийг анхан шатны шүүх өнөөдөр дахин хэлэлцэж байна.

