Индонез улсын Баруун Ява арлын Бантен мужид байрлах “PT Fonusa Agung Mulia” компанийн чихэр, амттаны 3 давхар үйлдвэрт 11 дүгээр сарын 21-ний бямба гарагт томоохон гал гарлаа. Энэ үеэр олон хүн амь эрсэдсэн байж болзошгүй байна. Аврах ажиллагааны үеэр хүний шарил бүхий 24 уут олджээ.
Гал үйлдвэрийн 3 давхар барилгыг хамарч, агуулах болон үйлдвэрлэлийн хэсгүүдэд маш хурдан тархжээ. Галын улмаас барилгын зарим хэсэг нурж, тоног төхөөрөмж, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эд их хэмжээгээр шатсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр үйлдвэрийн дээгүүр өтгөн хар утаа суунаглаж, галын дөл хэд хэдэн хэсэгт зэрэг тархсан байжээ.
Гал сөнөөгчид эдэн цагийн турш ажиллаж, үндсэн галыг ойролцоогоор 14 цагийн дараа хяналтад авч. Гэвч барилгын зарим хэсэгт дахин дүрэлзэх эрсдэлтэй галын голомтууд үлдсэн тул хөргөх, нуранги цэвэрлэх ажиллагааг үргэлжлүүлжээ.
Тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлснээр, аврах ажиллагааны үеэр үйлдвэрийн нуранги дотроос хүний шарил бүхий 24 уут гарган авчээ. Гэвч галын хэт өндөр температурын улмаас хохирогчдыг гаднах төрхөөр нь таних боломжгүй болсон байна. Мөн нэг уутанд 1-ээс олон хүний цогцос байж болзошгүй тул нас барагсдын эцсийн тоог одоогоор зарлаагүй байна.
Хохирогчдыг таних зорилгоор цагдаагийн байгууллага ДНХ-ийн шинжилгээ хийхээр ар гэрийнхнээс нь биологийн дээж болон хувийн эд зүйлсийг цуглуулж эхэлжээ. Албаныхны мэдээлснээр, хохирогчдыг бүрэн таньж тогтооход 2-3 долоо хоног шаардагдаж болзошгүй аж.

Үйлдвэрийн захирлын мэдээлснээр, гал гарах үед тухайн үйлдвэрийн талбайд ойролцоогоор 300 хүн байсан аж. Харин компанийн дараа нь гаргасан тодруулгад осолд өртсөн хэсэгт ажиллаж байсан 65 ажилтны талаар дараах мэдээллийг өгчээ. Үүнээс 8 ажилчин хаана байгаа нь хараахан баталгаажаагүй байна. 24 ажилтан гэртээ харьсан нь тогтоогдсон бол 4 ажилтан эмнэлгийн тусламж авч байгаа аж. Үлдсэн 29 ажилтан сураггүй хэвээр байна.
Эдгээр тоо нь үйлдвэрийн тодорхой хэсэгт ажиллаж байсан хүмүүсийн бүртгэл гэнэ. Үйлдвэрийн нийт талбайд байсан 300 орчим хүний мэдээлэл бүрэн биш байна. Ослын дараа сураггүй болсон ажилтнуудын ар гэрийнхэн үйлдвэрийн ойролцоо цугларч, ойр дотно хүмүүсийнхээ талаар мэдээлэл хүлээн авсан байна.
Зарим гэр бүлийнхэн шөнөжин хүлээж, аврах багуудаас мэдээ авахыг оролдсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Одоогоор галын шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байна.
“Associated Press” агентлагийн мэдээлснээр, амьд үлдсэн зарим ажилтан гал үйлдвэрийн 3 дугаар давхарт байрлах хөргөх төхөөрөмжийн орчимд эхэлсэн байж болзошгүй талаар ярьжээ. Гэхдээ энэ нь урьдчилсан мэдүүлэг бөгөөд галын жинхэнэ шалтгаан болох нь хараахан батлагдаагүй байна.
Мэргэжлийн байгууллагууд галын шалтгаан, цахилгааны систем, үйлдвэрийн тоног төхөөрөмж болон галын аюулгүй байдлын хамгаалалтын ажиллагааг шалгаж байгаа аж. Мөн барилгын зарим хэсэг нурах эрсдэлтэй байсан тул аврах ажиллагаанд аюулгүй байдлын тусгай арга хэмжээ авчээ.

“PT Fonusa Agung Mulia” боль Индонезын “United Family Food” компанийн харьяа, “Milkita” брэндийн сүүтэй чихэр болон бусад амттан үйлдвэрлэдэг. Тус компанийн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс гадна олон улсын зах зээлд нийлүүлдэг. “Associated Press” агентлагийн мэдээлснээр “Milkita” бүтээгдэхүүнийг 40 гаруй оронд экспортолдог аж.
Тиймээс уг осол нь зөвхөн үйлдвэрийн ажилтнууд төдийгүй компанийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээнд ч нөлөөлөхөөр байна.
Индонез улсад сүүлийн жилүүдэд үйлдвэр, аж ахуйн нэгж болон олон нийтийн барилгад гал түймрийн ноцтой ослууд гарч байв. Тухайлбал, 2023 онд никель боловсруулах үйлдвэрийн дэлбэрэлтийн улмаас 13-аас доошгүй хүн амиа алдсан бол 2025 оны 12 дугаар сард Жакарта хотын оффисын барилгад гарсан галын улмаас 22 хүн нас барсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байв. Эдгээр осол үйлдвэрийн болон барилгын галын аюулгүй байдал, ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэх бэлэн байдал, аврах ажиллагааны хүртээмж зэрэг асуудлыг дахин хөндөж байна.
11 дүгээр сарын 23-ны байдлаар сураггүй болсон ажилчдыг эрэн хайх, барилгын нурангийг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ослын шалтгаан, хүний амь насны эцсийн хохирол болон үйлдвэрийн галын аюулгүй байдлын систем хэвийн ажиллаж байсан эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж байгаа аж.
Мэдээллийн эх сурвалж: Reuters, Associated Press, Channel News Asia, Al Jazeer


