УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Булган, Увс аймгийн засаг дарга нарыг огцруулсан талаарх асуудлыг хэлэлцжээ. Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн, Булган аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар нар энэ талаар бүлэгт мэдээлэл өгсөн байна. Энэ талаар тус бүлэг өнөөдөр сэтгүүлчдэд ийн мэдээллээ.
Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн:
-Н.Учралд 1 зүйл сануулъя. Ерөнхий сайд хууль дээдлэх зарчим баримтлах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Авлигатай тэмцэнэ, шудага ёс тогтоохын төлөө ажиллана гэж тэр мэдэгдсэн.
Гэтэл Увс аймагт нүдэн дээр болсон, хууль зөрчсөн, хуурамч бичиг баримт үйлдсэн, ашигласан, Төрийн худалдан авах хууль, Төсвийн хууль зөрчиж, олон зөрчил гаргасан асуудлыг баримтаар тогтоогоод, бид аймгийн ИТХ-ын 62.8 хувийн саналаар аймгийн засаг дарга Э.Насанбатыг огцруулаад, Ерөнхий сайдад өргөн барьсан. Үүнд ганцхан өгүүлбэрээр хариу ирсэн “Аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүлээж авах боломжгүй байна” гэсэн. Ямар ч хуулийн зүйл заалт байхгүй. Ингэж аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд бүдүүлгээр халдлаа. Юу хэрэгтэй юм бэ?
Увс аймгийн засаг дарга Э.Насанбатыг сургууль төгсөөгүй, хуурамч дипломтойг батлах Боловсролын ерөнхий газрын албан ёсны лавлагаа байна. Энэ хүний өөрийнх нь гаргаж өгсөн, 3 хуурамч сургууль төгссөн гэдэг анкет нь байна. Техник, технологийн их сургууль төгссөн гэдэг баримт нь хуурамч байна. “Э.Насанбат манай сургуулийг төгсөөгүй” гэсэн ШУТИС-ийн ректор Баярмаагаас ирүүлсэн тодорхойлолт энэ байна. Ийм хүнийг хамгаалаад үлдэж байгаад харамсаж байна.
Нөгөө талаар Ж.Батмөнх даргын 100 жилийн ойг тэмдэглэх тухай ЗГ-ын тогтоол гарсан. ЗГ үүнд зориулж 418 сая төгрөг өгсөн. 20 сая төгрөгөөс дээших үнийн дүнтэй бол аймгийн засаг дарга тендер зарлах ёстой. Гэтэл шууд гэрээ байгуулсан. Энэ нь хууль зөрчиж байгаа.
Асуудал босонгуут гэрээгээ цуцалж, худалдан авалт зарлаж, нөгөө гэрээ байгуулсан “Эрхэм ипайр” гэж компанийг өөр компанитай түншлэл болгон оруулж ирээд, дахиад тэрийгээ тендерт шалгаруулаад өгчихсөн. Ингээд асуудал хүндрэнгүүт гэрээ байгуулалгүй 300 сая төгрөгийг буцаагаад ССАЖЗЯ руу шилжүүлсэн. Ингээд мөнгө ч байхгүй, хөшөө ч байхгүй. Ерөнхий сайд Н.Учралын өөрийнх нь захирамжийг зөрчсөн.
Дээрээс нь улсын төсвөөс 3 тэрбум 445 сая төгрөг дэд бүтцийн ажилд зориулж өгсөн. Э.Насанбат дарга маань өөрийнхаа ашиг сонирхол ихтэй “Ундарга петролиум” ХХК-д тендер өгөөд, тус компанийн барьж буй орон сууц руу Э.Насанбатын эзэмшдэг “Мөнхжим-Өргөө” гэж компанийн барьж байгаа орон сууц руу, тендерийн хорооны дарга Мөнхбаярынх нь эзэмшдэг “Лендор” гэж ресторан руу төсвийн хөрөнгөөг шууд татаад авчихсан. Энэ нь Төсвийн хууль, Худалдан авалтын хууль зөрчиж байгаа. Нийтийн албан тушаалтны ашиг сонирхын хуулийг тэр чигт нь зөрчиж байгаа.
Ийм улаан цайм асуудлыг өргөн барихаар Ерөнхий сайд Н.Учрал “Хүлээж авах боломжгүй” гэсэн ганц өгүүлбэрээр хариу өглөө. Ийм учраас Ерөнхий сайд Н.Учралыг хууль зөрчсөн асуудлаар ҮХЦ-д өгөх, холбогдох албан тушаалтнууыг АТГ-т шалгуулахаар тууштай ажиллана.

