Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Г.Ганбаатар: Булганыг 21 аймгаас 21-т оруулсан, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн Д.Пүрэв-Очирыг огцруулсан

Г.Ганбаатар: Булганыг 21 аймгаас 21-т оруулсан, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн Д.Пүрэв-Очирыг огцруулсан

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Булган, Увс аймгийн засаг дарга нарыг огцруулсан талаарх асуудлыг хэлэлцжээ. Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны гишүүн Д.Цэндсүрэн, Булган аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Г.Ганбаатар нар энэ талаар бүлэгт мэдээлэл өгсөн байна. Энэ талаар тус бүлэг өнөөдөр сэтгүүлчдэд ийн мэдээллээ.

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаатар:

-Булган аймагт 2024 оны орон нутгийн сонгуулиар МАН 15, АН 14 суудал авсан. Анхдугаар хуралдаанаас Д.Пүрэв-Очирыг засаг дарга болгохоор МАН-ын бүлэг нэр дэвшүүлсэн. Нэр дэвшүүлээд ТАЗ-өөс тодорхойлолт авсан байдаг.

Д.Пүрэв-Очир ИНЕГ-ын Санхүүгийн албаны даргаар 3 жил ажилласан гэж анкетдаа бичиж ТАЗ-д өгөөд, ТАЗ уг анкетыг хянаж шалгалгүйгээр “3 жил ажилласан нь үнэн байна” гэдэг тодорхойлт өгчээ. Үүний дагуу аймгийн ИТХ Д.Пүрэв-Очирыг засаг даргаар томилох шийдвэр гаргасан. Гэтэл Санхүүгийн албаны даргаар 2018-2023 он хүртэл ажилласан нь худал болох нь тогтоогдсон.

ИНЕГ-ын дарга Төрбаяр 2026.01.23-нд ирүүлсэн албан тоотдоо “Санхүүгийн албаны даргаар энэ хугацаанд ажиллаагүй” гэсэн хариу өгсөн. Д.Пүрэв-Очир төрийн албанд 3 жил ажилласан байх шаардлагыг хангаагүй байгаа учраас ИТХ-д түүнийг огцруулах санал өргөн барьсан. ИТХ-ын төлөөлөгчдийн олонх нь уг саналыг дэмжиж огцруулсан. Ингээд Ерөнхий сайдад ИТХ-ын тогтоолоо өргөн барьсан. Энэ үедээ бид анхдугаар хурлын тогтоолоо хүчингүй болгосон.

Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир 2025 онд аймгийн ИТХ-аас 55 оноо авч, засаг даргын ажлын үзүүлэлт хангалтгүй гэж үнэлэгдсэн. 2025 онд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас “Хангалтгүй” гэж үнэлэгдсэн. Дээрээс нь 21 аймгийн судалгаагаар Булган аймаг 21-т байна. Энэ бүхэнд үндэслэн Д.Пүрэв-Очирыг огцруулсан.

Энэ асуудлыг Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авах байх гэж бид хүлээж байна.

0/1000