Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

7 аймгийн эвдэрсэн газруудыг хамгийн түрүүнд нөхөн сэргээнэ

7 аймгийн эвдэрсэн газруудыг хамгийн түрүүнд нөхөн сэргээнэ

Засгийн газрын 2025.09.24-ний өдрийн 18 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон болон орхигдсон талбайг нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах зорилго бүхий ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026.01.27-ны А/10, А/127 тоот хамтарсан тушаалаар байгуулсан.

Ажлын хэсэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны төлөөллөөс бүрдсэн ба Ажлын хэсгийн даргаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, дэд даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нар ажиллаж байна. Ажлын хэсгийн энэ удаагийн хурлаар хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Улсын хэмжээнд 2021–2026 онд хүрээлэн буй орчны эсрэг 3045 гэмт хэрэг бүртгэгдсэний 911 буюу 29.9 хувийг ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах гэмт хэрэг эзэлж байна. Ажлын хэсгийн хүрээнд зохион байгуулсан хамтарсан хяналт шалгалтаар хууль бус олборлолт явуулсан байж болзошгүй 203 үйлдлийг илрүүлж, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн хууль бус үйл ажиллагаанд ашигласан 74 техник, тоног төхөөрөмжийг буулгах арга хэмжээ авч, эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна.

Түүнчлэн 2026 онд Сэлэнгэ, Увс аймагт хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулж, 300 орчим хүнийг хамруулсан ба Экологийн цагдаагийн албанаас олон нийтэд түгээсэн мэдээлэл давхардсан тоогоор 2.5 сая хүнд хүрчээ.

Байгаль орчны мэдээллийн сан www.eic.mn санд 2026 оны 5 дугаар сарын байдлаар хүний буруутай үйл ажиллагаа буюу хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна. Эдгээр талбайн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх хүрээнд Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган, Баянхонгор аймгийн эвдэрсэн газруудад нөхөн сэргээлтийн ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсад ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 17.7-47.5%-аар өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэл, гэмт хэргийн илрүүлэлт, төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байна гэж ажлын хэсгээс дүгнэж байна. Цаашид ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр төрийн эрх бүхий байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хамтран шалгах үйл ажиллагааг тогтмолжуулах шаардлагатай байна.

Ажлын хэсгийн зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, байгаль орчны эсрэг гэмт хэрэгт ашиглагдсан техник, тоног төхөөрөмж, эд материалыг улсын орлого болгох зохицуулалтыг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтаас ялган тодорхой болгох саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлжээ.

Ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр, санал дүгнэлтийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтов.

0/1000