Нийслэлд энэ онд 31 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Үүний 40 хувь нь буюу 12 мянга гаруй нь залилах гэмт хэрэг байна. Илрүүлсэн гэмт хэргийн тоо 10 хувиар өссөн байна.
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, нийслэлийн Цагдаагийн удирдах газар хамтран “Олон нийтийн цагдаа”, “Хүүхэд хамгаалагч цагдаа”, “Оюутан цагдаа”, “Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүл” зэрэг иргэдийг оролцуулсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд 4300 орчим зөрчил илрүүлэн, таслан зогсоожээ.
Өнөөдөр нийслэлд 80 мянга орчим камер ажиллаж байгаа гэдгийг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2026 оны эцсийн тайлангийн хурал дээр нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга О.Нямдаваа танилцуулав. Тээврийн прокурорын газар, НГХУСАЗСЗ хамтран “Хотын соёл”, “Замын хөдөлгөөний соёл” зэрэг нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулсан аж. Тээврийн цагдаагийн алба ”Замын хөдөлгөөний соёл” аяны хүрээнд нийт 177 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 141 мянган зөрчил илрүүлсэн байна.
Энэ онд бүртгэгдсэн гомдол, мэдээлэл өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан байна. Хулгайлах гэмт хэргийнх 33 хувиар, залилангийн мэдээлэл 16.2 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 53 хувиар, дээрэмдэх хэрэг 6.7 хувиар буурчээ.

