Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд, тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч нар нийлсэн 49 хүнд холбогдох хэргийг Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 7 дахь өдрөө хэлэлцэж байна. Тэд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоох, сунгахдаа 415 удаа бусдаас хахуул авсан, өвчтэй хүмүүст олгодог тэтгэвэр, тэтгэмжийг эрүүл хүмүүст олгосон, албан тушаалаа урвуулан ашиглаж хуурамч материал бүрдүүлэн, бусдад давуу байдал бий болгосонн хэрэгт холбогдсон юм.
Эмч нарт хахуул өгч, хуурамч онош тогтоолгон, хуурамч бичиг баримт бүрдүүлж, грүппт орсон байж болзошгүй 420 хүнийг АТГ шалгахад, 268 нь эрүүл атлаа грүпп тогтоолгон, төрөөс мөнгө авч байсан нь илэрсэн. Юм хардаг хүнийг сохор, эрүүл хүний элгийг хатуурсан гэх мэтээр хуурамч онош тавьсан аж.
Энэ хэргийг АТГ анх 2020 оны 10-р сараас шалгахдаа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч, УИХ-ын гишүүн Б.Бейсен нарын 59 хүнийг шалгаад, 51 хүн хэрэг хийснийг нь тогтоосон гэж үзэн яллагдагчаар татсан. Б.Бейсен 1988-2020 он хүртэл тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн газарт ажиллаж байсан учраас түүнийг шалгасан байдаг.
Харин одоо энэ хэрэгт М.Рауза, Ш.Хуат, Х.Хурманхан, Б.Ханат, К.Төлеген, Ө.Ертай, М.Есенкелди, Т.Жайна, Ө.Женис, Ө.Ахмарал, С.Айгүл, Х.Аманбек, Х.Өмиргүл, Ш.Гүлжаукар, С.Нурбек, Д.Сара, А.Серикболат, Х.Серикжан, Х.Манчук, Н.Маргулан, М.Мейрамбек, Б.Жанбота, Х.Бигавил, З.Мухтар, О.Нурлан, Б.Болат, Х.Гүлсин, П.Даулетбек, А.Рая, Ш.Сабит, Д.Хуанай, Х.Маржангүл, Д.Мурат, Б.Анаргүл, С.Сымбат, А.Мажитхан, З.Ботакөз, И.Союз, А.Айжан, Д.Айбарша, Х.Харий, Х.Тангүл, К.Халел, Т.Серикжан, Ш.Адилбек, М.Ахбота, Т.Өсерхан, Н.Сакен, А.Еркегүл нарын 49 хүн холбогдон үлджээ.
Уг хэргийг АТГ 2022 онд шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2022 оны 4-р сард прокурорт буцаасан юм. АТГ эл хэргийг дахин шалгаад, 2023 оны 7-р сард прокурорт дахин шилжүүлсэн байна. Ховд аймгийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан, Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакен тэргүүтэй хүмүүс холбогдсон энэ хавтаст хэрэг 250 хуудас. Тиймээс шалгах, хянахад хугацаа их зарцуулсан гэнэ.

