Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Энэ тэмцээнд жил бүр дунджаар 6000 гаруй шатарчин оролцдог аж. УИХ-ын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Амгалан, олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч нар өнөөдөр (2026.11.24) энэ талаар сэтгүүлчдэд мэдээллээ.
Монгол Улс жил бүрийн 1 дүгээр сарын 13-ныг Үндсэн хуулийн өдөр хэмээн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 35 жилийн ой 2027.01.13-нд тохионо.
Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 15 дахь тэмцээнийг уламжлалын дагуу Олон улсын шатрын холбоо (ФИДЕ), Монголын шатрын холбооны дүрмээр 3 үе шаттай зохион байгуулна. Анхан шатны тэмцээнийг аймаг, нийслэлийн Шатрын холбоо, хагас болон шигшээ тэмцээнийг нийслэлийн Шатрын холбоо зохион байгуулах юм байна.

Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй эрэгтэй, 1800-аас хэтрээгүй чансаатай эмэгтэй шатарчин, шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн шатар сонирхогч энэ тэмцээнд оролцох эрхтэй байдаг. Эл тэмцээнд олон улсын түвшинд чансаатай тоглож буй шатар сонирхогчдыг урьж оролцуулдаг болжээ.
Өнөө жилийн тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шилэгдмэл шүүгч Г.Алтан-Оч ажиллана. Шатарчид талдаа 1 цаг, нэг өрөг нийт 2 цаг тоглоно. Сум, дүүргийн аваргуудыг шалгаруулах тэмцээнд 10 хүрэхгүй шатарчин оролцвол тойргийн системээр, 10-аас олон шатарчин өрсөлдвөл Швейцар системээр оноолтоо хийх аж. “Энэ удаагийн тэмцээний шагналын сан нэмэгдсэн” хэмээн шүүгч Г.Алтан-Оч мэдээлэв.

Эхний шат нь 11 дүгээр сарын 28, 29-нд улс даяар нэгэн зэрэг эхэлнэ. Энэ шатанд сум бүрээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй, дүүргээс 6 эрэгтэй, 3 эмэгтэй шатарчин шалгарч, хагас шигшээ шатанд тоглох эрх авна. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 12 дугаар сарын 19, 20-нд болно.
Аймгийн тэмцээнээс 2 эрэгтэй, 1 эмэгтэй, нийслэлээс 12 эрэгтэй, 6 эмэгтэй шатарчин шигшээ тэмцээнд оролцоно. Шигшээ тэмцээн 2027.01.09, 10-нд Төрийн ордонд болно. Шигшээ тэмцээнд УИХ-ын гишүүд, УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагуудын төлөөлөл, Үндсэн хууль тогтоогчдын холбооны төлөөлөл 120 гаруй шатарчин урилгаар оролцох аж.

“Монголын шатрын холбооны дүрмээр явагддаг тэмцээний медаль хүртсэн тамирчдад шатрын спортын дэд мастер цол олгодог онцлогтой. Шигшээ тэмцээнд медаль хүртсэн 6 шатарчин Монгол Улсын шатрын спортын дэд мастер цол хүртэнэ. Түүнчлэн энэ тэмцээний бүх шатанд үндэсний рейтинг бодож, шатар сонирхогчид чансаагаа тооцуулдаг” хэмээн УИХ-ын Тамгын газрын Захиргааны удирдлага, хүний нөөцийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ тайлбарлав.

