Европын сансрын агентлаг, Японы сансрын агентлагийн хамтран илгээсэн “Mercury Imaging X-ray Spectrometer буюу MIXS” төхөөрөмжийн рентген дуран ойролцоогоор 10 тэрбум километр зам туулж, 8 жил сансарт аялсны эцэст анх удаа ажиглалтаа эхлүүлжээ. Уг дуран хүлээснээс ч сайн ажиллаж, 6500 гэрлийн жилийн алсад орших Хавчны мананцрын рентген цацрагийг илрүүлэн, зургийг нь авсан байна.

Европын сансрын агентлаг, Японы сансрын агентлаг хамтран, Буд гаргийг судлах зорилго тавин, “BepiColombo” хөтөлбөр хэрэгжүүлж буй аж. Уг хөтөлбөрийн хүрээнд энэ дуранг илгээсэн юм байна. Энэ нь анхны ажиглалтаа амжилттай хийсэн нь эрдэмтдийн хувьд томоохон үйл явдал боллоо.
Энэхүү төхөөрөмжийг 2018.10.20-нд сансарт хөөргөжээ. Буд гараг руу чиглэн, 8 жил аялахдаа энэ төхөөрөмж үндсэн оптик хэсгээрээ сансрыг шууд ажиглах боломжгүй байжээ. Учир нь түүнийг тээвэрлэж явсан хөдөлгүүрийн модуль болон бусад бүтцийн хэсгүүд ажиглалтын чиглэлийг нь хааж байв. 2026 оны 9 дүгээр сард тээвэрлэлтийн модуль салсны дараа MIXS-ийн ажиглалтын хэсгийг анх удаа сансарт чөлөөтэй чиглүүлэх боломжтой болжээ.
Одоо эрдэмтэд Буд гаргийн химийн найрлага, үүсэл хөгжлийг илүү нарийвчлан судлах боломжтой болж байна.

MIXS анхны ажиглалтаараа Дэлхийгээс ойролцоогоор 6500 гэрлийн жилийн зайд орших Хавчны мананцрыг (Crab Nebula) онилсон байна. Хавчны мананцар бол эрт үед дэлбэрсэн одны үлдэгдэл. Хүчтэй рентген туяа ялгаруулдаг, одон орон судлалд сайн судлагдсан сансрын биет юм. Тиймээс эрдэмтэд уг мананцрыг сонгож, дурангийн ажиллагаа болон дүрс ялгах чадварыг шалгажээ.
2026.09.11-12-нд нийт 39 цагийн турш ажиглалт хийсэн бөгөөд сансрын хөлөг чиглэлээ 55 удаа өөрчилж, шаардлагатай хэмжилтүүдийг гүйцэтгэсэн байна. Хамгийн сонирхолтой нь MIXS-ийн дүрс ялгах чадвар 2015 онд Дэлхий дээр лабораторид туршиж байх үеийнхээсээ бага зэрэг сайжирсан байв.
Энэ нь 8 жилийн турш сансрын цацраг, температурын эрс өөрчлөлт зэрэг хүнд нөхцөлд аялсан ч дурангийн үндсэн ажиллагаа хэвийн хадгалагдсаныг харууллаа.

MIXS бол онцгой дуран
MIXS бол энгийн гэрэл зураг авдаг дуран биш. Харин рентген туяаг ашиглан Буд гаргийн гадаргын химийн найрлагыг тодорхойлох зориулалттай төхөөрөмж юм. Түүний ажиллах зарчим нь дараах байдалтай.
- Нарнаас ирэх өндөр энергитэй рентген туяа Буд гарагийн гадаргад тусна.
- Гадаргын чулуулаг дахь атомууд өөрийн онцлог энергитэй рентген туяа ялгаруулна.
- MIXS эдгээр туяаг хэмжиж, ямар химийн элемент байгааг тодорхойлно.
- Ингэснээр гараг дээр очиж дээж авахгүйгээр гадаргын найрлагыг судлах боломж бүрдэнэ.
Өөрөөр хэлбэл, MIXS нь Буд гаргийн гадаргын химийн бүтцийг сансраас шинжлэх нэгэн төрлийн рентген нүд юм. Төхөөрөмжийг Их Британийн Лестерийн их сургуулийн эрдэмтэд тэргүүлсэн олон улсын баг бүтээжээ. Төслийн анхны удирдагч, профессор Жорж Фрейзер 2014 онд нас барсан ч түүний эхлүүлсэн судалгааны ажил ийнхүү бодит үр дүнд хүрч байгаа нь багийнханд онцгой утга учиртай үйл явдал болжээ.

Уг дуран 2026.11.21-нд Буд гаргийн тойрог замд орсон байна. Гэхдээ сансрын хөлгийн хөдөлгүүрийн ажиллагаанд программ хангамжтай холбоотой саатал гарч, төлөвлөсөн тоормослох ажиллагаа хугацаанаасаа өмнө зогсжээ. Гэсэн ч ESA-гийн мэдээлснээр аппарат Буд гаргийн тогтвортой тойрог замд орж чадсан байна.
Цаашдын төлөвлөгөө:
- 2026 оны 12 дугаар сарын 9-10: Европ болон Японы судалгааны хоёр аппарат сална.
- 2027 оны 3 дугаар сар: Европын MPO аппарат зорилтот шинжлэх ухааны тойрог замдаа хүрэхээр төлөвлөж байна.
- 2027 оны 4 дүгээр сар: Шинжлэх ухааны үндсэн судалгааны ажиллагаа эхэлнэ.
Ингэснээр эрдэмтэд Буд гаргийн гадарга, дотоод бүтэц, соронзон орон болон үүсэл хөгжлийн түүхийг илүү нарийвчлан судлах боломжтой болно.


