Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Ц.Батзул: 1 тендер шалгаруулахад 28 өдөр зарцуулдгийг 5 өдөр болгоно

Ц.Батзул: 1 тендер шалгаруулахад 28 өдөр зарцуулдгийг 5 өдөр болгоно

2025 онд 17.7 ихнаяд төгрөгийн төсөвт өртөгтэй 13.351 тендер шалгаруулжээ. 1 тэрбум төгрөгөөс доош өртөгтэй нийт 4.4 ихнаядын төсөвт өртөгтэй 36.000 тендерийг шалгаруулах, зарлах шаардлагагүй байсан гэнэ.

“Дунджаар нэг тендер шалгаруулахад 28.4 өдөр зарцуулдаг. Үүнийг ажлын 5 өдрийн дотор шийдэх боломжтой болно. Цахим дэлгүүрээс худалдан авалт хийхэд үнэлгээний хороо байгуулах шаардлагагүй. Ингэснээр төсвийн зардал, хугацаа хэмнэнэ” гэж Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Ц.Батзул УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын даргын 2026 оны 393 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хамтран зохион байгуулсан Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулав. Уг хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.11.24/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Тендерт хамгийн бага үнэ санал болгосон оролцогчийг сонгодог явдлыг өөрчилж, чанар болон үнийг харьцуулан шалгаруулдаг болох гэж буй аж. Санал болгож байгаа бараа, ажил, үйлчилгээний чанар, санхүүгийн саналд оноо өгнө. Хамгийн өндөр оноотой буюу чанартай бараа, ажил, үйлчилгээ санал болгосон этгээдийг сонгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Цаашдаа олон улсын стандартад нийцсэн цахим платформд төрийн худалдан авдаг бараа, ажил, үйлчилгээг бүртгэх замаар тендерийн тоог цөөлөх боломжтой юм байна. Улмаар тендерт оролцоход гардаг зардлыг бууруулах зорилт тавьжээ. Тендерт оролцоход гардаг хамгийн өндөр зардал нь тендерийн баталгаа байдаг аж.

Иймд төсөл, арга хэмжээг хоёр хуваан, 10 тэрбум төгрөг хүртэлх тендерийн шалгаруулалтад баталгаа шаардахгүй аж. Өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилгоор уг зохицуулалтыг тусгасан байна. Харин 10 тэрбум төгрөгөөс дээш тендер шалгаруулалтад төсөвт өртгийн 2 хувиар баталгаа байршуулахаар төсөлд тусгажээ.

0/1000