МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, доктор Б.Баасандорж “Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хэрэгжилтийг үнэлж байх явцад маргаан шийдвэрлэх явц хамгийн тулгамдсан асуудал байгаа нь харагдсан. 2025 оны байдлаар Сангийн яамны вэб хуудас дахь гомдол хянан шийдвэрлэсэн мэдээг үзэхэд зөвхөн 7-11 дүгээр сард шийдвэрлэсэн гомдлын тоо 1188 байна.
Иймд гомдол шийдвэрлэх тогтолцоог Сангийн яам, Монополын эсрэг газраас салгаж, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дэргэд шинээр байгуулах, Маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд төвлөрүүлэх зохицуулалтыг тусган, олон улсын жишигт нийцүүлэх нь зүйтэй. Энэ нь бие даасан, хараат бус, мэргэжлийн, тогтвортой үйл ажиллагаа явуулах агуулгатай” гэж УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын даргын 2026 оны 393 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэгт оролцогсдод өнөөдөр (2026.11.24) танилцуулав.
Тендер шалгаруулах явцад үүссэн гомдлыг эцэслэн хянах чиг үүрэгтэй зөвлөл нь дарга, 8 гишүүнтэй байхаар уг төсөлд тусгажээ. Гэмт хэрэг, гэм буруутай нь тогтоогдож байгаагүй, дээд боловсрол эзэмшсэн, сүүлийн 5 жил улс төрийн намын удирдах албан тушаал хашиж байгаагүй, эсхүл улс төрийн албан тушаал хашаагүй байх, худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх шалгуур тавих нь.
Ийм зөвлөл байгуулахыг судалгаанд оролцогчдын 64.7 хувь нь дэмжсэн байна. Төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан судалгааны тайланд судалгаанд оролцогчдын 42.4 хувь нь тендерийн маргаан таслах зөвлөлийг хуулиар байгуулан, маргааныг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн гэнэ.

