Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл өчигдөр /2026.11.24/ нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очир танилцуулав.
Улсын төсвөөс нийслэлийн Орон нутгийн хөгжлийн санд 57.7 тэрбум төгрөг хуваарилсан бол Улаанбаатар хот 420.5 тэрбум төгрөг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ. Уг төслийг боловсруулах явцад хийсэн судалгаагаар иргэд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар агаарын бохирдол, автозамын түгжрэлийг нэрлэсэн байна. Харин бодлогын шийдвэр гаргахдаа иргэдийн халааснаас шууд мөнгө татах замаар асуудлыг шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.
Нийслэл 2027 онд 4.8 ихнаяд төгрөг олж, бүгдийг нь зарцуулах юм байна. Урсгал зардалд 2.4 ихнаяд төгрөг үрэх бол хөрөнгийн зардалд 1.5 ихнаяд төгрөг зарцуулахаар тусгажээ.
Нийслэл, дүүргийн татварын орлого өссөн ч хуулийн дагуу ХАОАТ-ыг сарын 790 мянган төгрөгөөс доош орлогоос суутгахгүй, үл хөдлөхийн татвар багассан зэргээс шалтгаалан татварын орлого 400 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна.
Орлого дээр тодорхой хэмжээний эрсдэл үүссэн ч нийслэлийн захын 3 дүүрэгт олгох татаасыг нэмсэн аж. Нийтийн тээврийн компаниудад өгөх татаас, хот тохижилт, зээлийн хүү, хагас коксожсон нүүрс худалдан авах зэрэг томоохон зардал нийт зардлын 70 орчим хувийг эзэлж байгаа аж. Хот тохижилтын зардал өмнөх оноос 10 хувиар нэмж, нийслэлийн 6 бүсэд цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна. 400 тэрбум төгрөгөөр хагас коксожсон нүүрс худалдан авах бол 30 орчим тэрбум төгрөгөөр мах нөөцлөх нь.
Хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхдээ, 1-рт өмнөх онуудад эхлүүлсэн ажлыг дуусгах, 2-рт хөгжлийн бодлогод туссан, бэлтгэлийг нь бүрэн хангасан төслүүд, 3-рт нийслэлийн хөгжлийн бодлогын тэргүүн эгнээнд байгаа их багтаамжийн тээврийн хэрэгсэл бий болгох зардлыг тусгах зарчим баримталсан байна.
Ингэснээр нийт 292 төсөл, арга хэмжээнд 1.5 ихнаяд төгрөгөөр хөрөнгө оруулах нь. Сургуулийн барилгад 116 тэрбум, эрүүл мэндийн салбарт 45 тэрбум, хот байгуулалтад 43 тэрбум, төрийн үйлчилгээнд 22 тэрбум гэх мэтээр төсөвлөжээ. Газар чөлөөлсний төлбөрт 200 тэрбум төгрөг олгохоор төсөвт суулгасан байна.
Хуулийн дагуу 483 мянган иргэний 790 мянган төгрөг хүртэлх орлогоос ХАОАТ-ыг чөлөөлж байгаа. Мөн дүүргүүдээс нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 130 орчим тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Нийтийн тээврийн хувьд 2026-2027 оны өвлийн улиралд 137 чиглэлд 1172 тээврийн хэрэгсэл үйлчилнэ. Ингэснээр машин/цагийн татаас нэмэгдэж байгаа аж.
Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 2026 онд 50 хувь нэмэгдсэн, төрийн захиргааны албан хаагчдынх 2027 онд 20 хувь нэмэгдэхийг нийслэлийн төсөвт нэмж тооцсон байна.
Хөрөнгө оруулалтын хувьд 2027 онд 32 сургуулийн асуудлыг шийдвэрлэхээр төсөвлөжээ. 12 сургууль ашиглалтад орж, ойролцоогоор 5100 гаруй хүүхдийн асуудал шийдэгдэнэ. Түүнчлэн 4100 гаруй хүүхдийн суудалтай 9 сургуулийн барилга шинээр эхлүүлнэ. Мөн 1800 ортой 11 цэцэрлэг ашиглалтад орно. 39.8 км авто замын ажлыг үргэлжлүүлж ашиглалтад оруулна. 48.4 км зам засна.
Гадаад, дотоод бондыг Засгийн газрын хязгаарт багтаана гэж төлөвлөсөн учраас төсвийн тодотголын тоог бууруулах боломжтой гэж үзсэн байна.
Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат:
– 2027 оны төсвийг “Иргэн төвтэй төсөв” хэмээн онцолсны учир нь төсвийн төслийг иргэдийн хүсэж байгаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж боловсрууллаа. Энэ хүрээнд агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ойртуулах чиглэлд анхаарч ажилласан. Ирэх жил нийслэлийн хэмжээнд байгаа орон нутгийн өмчит байгууллага болон компаниудыг нэгтгэж нийлүүлэх, татан буулгах зохицуулалт хийнэ. Энэ хүрээнд нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар цөөлөхөөр тооцож байна. Ингэснээр төрийн алба цомхон, зөв, оновчтой болох зохион байгуулалт хийсэн.

