“Dune” киноны гуравдугаар анги нээлтээ хийхийн өмнө эхний хоёр киноны үйл явдал, дүрүүд болон шинэ бүтээлийн талаар сэжүүр агуулсан тусгай үзэсгэлэн АНУ-ын Лос-Анжелес хотод нээгджээ.
“Dune Experience” нэртэй энэхүү үзэсгэлэнг Legendary Entertainment, Fever болон AKJOHNSTON групп хамтран зохион байгуулж байгаа бөгөөд кинонд ашигласан 200 гаруй тайзны эдлэл, хувцас, хэрэгслийг дэлгэн үзүүлжээ. Үзэсгэлэнгийн онцлох хэсэгт кинонд гардаг Cicada Ornithopter нисэх төхөөрөмжийн бодит хэмжээтэй загвар, аварга маргад эрдэнийн өнгөт хаан ширээний өрөө, мөн зочид дурсгалын зураг авахуулах боломжтой аварга элсэн хорхойн загвар багтсан байна.
Мөн үзэгчид Bene Gesserit бүлгийн гишүүний сорилд орж, хүн чанараа шалгуулах боломжтой аж. Үүнээс гадна гуравдугаар анги болох “Dune: Part Three”-ийн тухай хоёр тусгай дүрс бичлэгийг толилуулж байгаагийн нэгийг найруулагч Денис Вильнёв өөрөө танилцуулжээ. Үзэсгэлэнгийн орчинд нуусан сэжүүрүүдийг олж, хооронд нь холбосноор шинэ киноны талаар нэмэлт мэдээлэл олж мэдэх боломжтой юм.
Legendary Entertainment компанийн франчайзын менежмент хариуцсан дэд ерөнхийлөгч Жеймс Нго үзэсгэлэнг зүгээр нэг тоглоом, үзвэрийн орчин бус, архитектурын шийдэлтэй, музейд байгаа мэт мэдрэмж төрүүлэхүйц бүтээхийг зорьсон гэжээ.
Үзэсгэлэнг үзсэн Пасадена хотын оршин суугч 50 настай Маяа Шарп “Би их зүйл сурлаа. Киноны хувцас хэрэглэлүүдийг харах үнэхээр сонирхолтой байсан. Нууц сэжүүр хайх тоглоом нь ч их хөгжилтэй байлаа” хэмээн ярьсан байна. Харин Лас-Вегасаас тусгайлан ирсэн 19 настай Зандер Симмс киноны ертөнцөд өөрийгөө орсон мэт мэдрэмж төрүүлсэн бөгөөд дахин ирж үзэхийн тулд мөнгө төлөхөд бэлэн гэдгээ Reuters агентлагт хэлжээ.
“Dune Experience” үзэсгэлэн киноны гуравдугаар анги нээлтээ хийсний дараа ч үргэлжилж, 2027 оны хоёрдугаар сар хүртэл ажиллах юм. Зохион байгуулагчдын үзэж буйгаар, киног үзсэний дараа үзэсгэлэнд дахин ирэхэд дэлгэсэн эд зүйлс, нуусан сэжүүрүүдийг огт өөр өнцгөөс ойлгох боломжтой аж.


