Дэлхийн дулаарал бидний төсөөлж байгаагаас ч илүү гүнзгий өөрчлөлтийг манай гарагт авчирч байна. Эрдэмтдийн олон улсад шинээр хийсэн судалгаагаар Дэлхийн мөс, цас, мөнх цэвдгийн системийн нийлбэр төлөв хүн төрөлхтний хувьд тогтвортой гэж үзэж ирсэн аюулгүй хязгаараас аль хэдийнэ давжээ.
Энэ бол зөвхөн Арктик, Антарктидын асуудал биш. Далайн түвшин, цэвэр усны нөөц, цаг агаарын тогтолцоо, хүнсний аюулгүй байдал, тэр ч байтугай хот суурин газрын ирээдүйтэй холбоотой томоохон анхааруулга юм.

2026.11.12-нд шинжлэх ухааны нэр хүндтэй “Science” сэтгүүлд нийтэлсэн судалгааг олон улсын 30 гаруй эрдэмтэн хамтран боловсруулжээ. Судалгааг Стокгольмын их сургуулийн Дэлхийн тогтвортой байдлын судалгааны төв болон Бээжингийн Багшийн их сургуулийн судлаач Бо Су ахалсан байна.
Эрдэмтэд Дэлхийн мөсөн бүрхүүл, цас, мөнх цэвдгийн төлөв байдлыг сүүлийн 11.700 жилийн буюу хүн төрөлхтний соёл иргэншил хөгжиж ирсэн Холоцений геологийн эрин үеийн нөхцөлтэй харьцуулжээ. Энэ урт хугацаанд Дэлхийн уур амьсгал харьцангуй тогтвортой байсан нь газар тариалан, хот суурин, нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн үндэс болж ирсэн юм.
Харин хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй Дэлхийн дулаарал энэхүү байгалийн тогтвортой байдлыг алдагдуулж эхэлжээ.
1. Эх газрын мөсөн бүрхүүл – Далайн түвшний ирээдүйн аюул
Гренланд, Антарктидын асар том мөсөн бүрхүүл Дэлхийн цэвэр усны хамгийн том нөөцийн нэг юм. Температур нэмэгдэхийн хэрээр эдгээр мөсөн бүрхүүл хайлж, далайд цутгах усны хэмжээ нэмэгддэг.
Үүний үр дагавар:
- Далайн түвшин аажмаар нэмэгдэнэ.
- Далайн эргийн хотууд үерийн эрсдэлд орно.
- Арлын жижиг улсууд болон нам дор газар нутагтай бүс нутгууд илүү их хохирол амсах магадлалтай.
Хамгийн санаа зовоосон зүйл нь мөсөн бүрхүүлүүд уур амьсгалын өөрчлөлтөд удаан хариу үйлдэл үзүүлдэг. Өнөөдөр ялгарах хүлэмжийн хийг багасгасан ч өмнөх дулаарлын нөлөөгөөр ирээдүйд үргэлжлэх мөсний алдагдлыг бүрэн зогсоох боломжгүй байж болно.

2. Далайн мөс – Дэлхийн байгалийн хамгаалалт нимгэрч байна
Арктик, Антарктидын далайн мөс Нарны гэрлийг сансарт буцаан ойлгох чухал үүрэгтэй. Цагаан мөс Нарны энергийг их хэмжээгээр ойлгодог бол далайн ус дулааныг илүү их шингээдэг. Ингэснээр:
- Далай улам их дулаан шингээнэ.
- Мөс дахин хурдан хайлах нөхцөл бүрдэнэ.
- Туйлын амьтдын амьдрах орчин хумигдана.
- Далайн экосистемийн тэнцвэр өөрчлөгдөнө.
- Энэ нь өөрийгөө улам эрчимжүүлэх эрсдэлтэй мөчлөг юм.
3. Цасан бүрхүүл – Усны нөөцийн ирээдүйд заналхийлж байна
- Уул нуруудын цас бол Дэлхийн олон тэрбум хүний усны нөөцийн чухал эх үүсвэр.
- Өвөл хуримтлагдсан цас хавар, зуны улиралд хайлж, гол мөрөн, нуур, усан санг тэтгэдэг.
- Харин цасны хэмжээ багасаж, хайлах хугацаа өөрчлөгдвөл:
- Гол мөрний усны горим өөрчлөгдөнө.
- Газар тариалангийн усалгаанд хүндрэл үүснэ.
- Усны хомсдол нэмэгдэнэ.
- Уулын экосистем доройтоно.
Энэ асуудал Төв Ази, Гималайн бүс нутаг, тэр дундаа Монгол Улсын хувьд ч онцгой ач холбогдолтой.

4. Мөнх цэвдэг – Газрын хөрсөн доорх үл үзэгдэх аюул
Мөнх цэвдэг гэдэг нь 2 ба түүнээс дээш жил дараалан 0 хэм буюу түүнээс доош температуртай байдаг хөрс, чулуулгийн давхарга юм. Энэ давхаргад асар их хэмжээний органик нүүрстөрөгч хуримтлагдсан байдаг.
Газар гэсэх үед:
- Хөрсөнд хадгалагдсан нүүрстөрөгчийн нэг хэсэг нүүрсхүчлийн хий болон метан хэлбэрээр ялгарна.
- Хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй.
- Газрын хөрс сууж, барилга байгууламж, зам, дэд бүтэц эвдэрч болзошгүй.
- Байгалийн экосистем өөрчлөгдөнө.
Өөрөөр хэлбэл, бид зөвхөн мөс хайлж байгааг хараад зогсохгүй, газрын хөрсөнд олон мянган жил хадгалагдсан нүүрстөрөгчийг чөлөөлөх эрсдэлтэй нүүр тулж байна.

Энэ бүхэн Монгол Улсад ямар хамаатай вэ? Монгол Улс далайгаас алслагдсан ч дэлхийн мөсөн системийн өөрчлөлтөөс ангид орших боломжгүй. Манай улсын хувьд 3 асуудал онцгой чухал.
1–рт: Мөсөн голууд багасна. Монгол Алтай, Хангайн нурууны мөсөн голууд нь уулын экосистем, гол мөрний усны нөөцөд чухал үүрэгтэй. Дулаарал үргэлжилбэл мөсөн голын хэмжээ багасаж, усны нөөцийн улирлын хуваарилалт өөрчлөгдөх эрсдэлтэй.
2-рт: Ус хомсдоно. Цас, мөсөн голын хайлалт өөрчлөгдөх нь гол мөрний урсацад нөлөөлнө. Энэ нь мал аж ахуй, газар тариалан, хүн амын усан хангамжид шууд болон шууд бусаар нөлөөлж болно.
3–рт: Мөнх цэвдэг гэснэ. Монгол орны хойд болон өндөр уулын бүсэд мөнх цэвдэг тархсан байдаг. Цэвдэг гэсэх нь хөрсний тогтвортой байдал, ургамлын бүрхэвч, усны горимд өөрчлөлт оруулж болзошгүй. Тиймээс Дэлхийн мөсөн системийн талаарх энэ судалгаа Монголын байгаль орчны ирээдүйг ойлгоход ч чухал ач холбогдолтой юм.

Одоо хүн төрөлхтөн юу хийж чадах вэ? Эрдэмтдийн үзэж байгаагаар хамгийн чухал алхам бол дэлхийн дулаарлыг хязгаарлах явдал. Үүнд:
- Нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээнээс хамаарах хамаарлыг бууруулах.
- Нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх.
- Хүлэмжийн хийн ялгарлыг эрс багасгах.
- Мөнх цэвдэг, мөсөн гол, цасан бүрхүүлийн судалгаа, хяналтыг сайжруулах.
- Байгаль орчны хамгаалал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай.
- Эрдэмтэд энэ асуудлыг зөвхөн байгаль хамгааллын хүрээнд бус, дэлхийн аюулгүй байдал, эдийн засаг, хүн төрөлхтний ирээдүйн тогтвортой байдлын асуудал гэж үзэж байна.
Дүгнэлт: Мөс хайлах нь зөвхөн туйлд болж буй асуудал биш. Бид мөс хайлж байгааг холын хойд болон өмнөд туйлд болж буй үйл явдал гэж боддог. Гэвч мөс, цас, мөнх цэвдэг бол Дэлхийн байгалийн уур амьсгалын зохицуулалтын салшгүй хэсэг юм. Энэ өөрчлөлт далай, гол мөрөн, хөрс, агаар мандал, амьд организмын харилцан хамааралд нөлөөлдөг.
11.700 жилийн турш харьцангуй тогтвортой байсан байгалийн нөхцөл өөрчлөгдөж эхэлсэн нь хүн төрөлхтөнд өгч буй ноцтой дохио юм.
Байгаль биднээс тусламж хүсэж байгаа эсэхийг мэдэхгүй. Харин шинжлэх ухаан бидэнд нэг зүйлийг тодорхой хэлж байна: өнөөдөр гаргаж буй шийдвэрүүд ирээдүй хойч үеийн амьдрах орчныг тодорхойлно.
Эх сурвалж: Science сэтгүүл, Stockholm Resilience Centre, Potsdam Institute for Climate Impact Research. Судалгааны нэр: “The Cryosphere Beyond a Planetary Safe Operating Space” (2026). DOI: 10.1126/science.aef5636.


