“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн хүний эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан 1000 тонн барьцалдуулагч худалдан авах гэрээ байгуулж, хилээр нэвтрүүлэхийг завджээ. Үүнийг Авлигатай тэмцэх газар илрүүлэн, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Энэ талаар нийслэлийн засаг даргаас тодруулахад, дараах хариулт өглөө.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва:
-Нийслэлийн гэр хорооллын айлууд 280 мянган тн хагас кокс, 180 мянган тонн мидлинг түлш жилдээ түлдэг. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг шууд ажлаас нь чөлөөллөө.
Одоо бидний түлж байгаа түлш ямар нэг хорт бодис агуулаагүй. Лабораторийн шинжилгээгээр баталгаажсан түлш борлуулж байгаа гэдгийг баталгаатай хэлье. Зохицуулагч Амартүвшингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулан, гэр хороолын иргэдэд зарж буй түлшнээс санамсаргүй түүврийн аргаан сонгон авч, лабораторид шинжилгээ хийлгэж байна.
Барьцалдуулагчийн нөөц 3-р сарыг дуустал нөөцөлсөн. Хил дээр ирсэн барьцалдуулагчийг ажлын хэсэг явуулж, дүн шинжилгээ хийлгэнэ. Та бидний, 1.8 сая хүний амьсгалж байгаа агаартай холбоотой энэ асуудал дээр маш болгоомжтой хандаж байгаа.
–Химийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй байгаа.
-Бүх байгууллагаар шинжилгээ хийлгэнэ. Энэ бол хортой байж болзошгүй, танилаараа дамжуулан импортлох гэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл бий. Мэргэжлийн шинжилгээний байгууллагууд, хууль хяналтын байгууллагуудтай хамтран, үүнийг шалгаж мухарлана.

