Ерөнхий сайдын захирамжаар Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг “Онтрэ Рисорсиз Лтд” болон “Онтрэ” ХХК-ийн төлөөлөлтэй хэлэлцээ эхлүүлэх уулзалтыг энэ сарын 9, 10-нд хийжээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн ахалж буй. Уг ажлын явцын талаар өнөөдөр тэрээр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ажлын хэсэг стратегийн ач холбогдол бүхий Оюутолгойн бүлэг ордын талбайн хил зааг дотор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанийн хувьцааны төрийн эзэмших хувь, хэмжээг Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хууль тогтоомжид нийцүүлэн тогтоох талаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэгтэй. “Онтрэ” ХХК-ийн эзэмшиж байгаа тусгай зөвшөөрөлтэй холбогдуулан тус компанийн хувьцааны төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, эсхүл АМНАТ-аар орлуулах аль ч хувилбарыг УИХ шийднэ. Ажлын хэсэг хэлэлцээ дууссаны дараа төслийг УИХ-д танилцуулж, эцсийн шийдвэрийг гаргуулах аж. Хэлэлцээг ирэх оны 1 дүгээр сард эхлүүлэхээр товложээ.


