Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт 2026.10.08-нд гарсан ой, хээрийн түймрийн хохирлын үнэлгээний дүнг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд өнөөдөр ЗГ-т танилцууллаа. БОУАӨ-ийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлал”-ын дагуу уг үнэлгээг хийсэн байна.
Хиймэл дагуулын мэдээллээр 484,383.7 га талбай түймэрт өртжээ. Үүний 431,592.8 га (89.1%) нь Нөмрөгийн дархан цаазат газрынх, 52,790.9 га (10.9%) нь ойр орчны талбай байна. БОУАӨ-ийн сайдын тушаалаар шинжээчдийн баг байгуулж, орон нутгийн ажлын хэсэг болон холбогдох байгууллагын 50 орчим албан хаагч 2026 оны 10 дугаар сарын 23-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд хээрийн судалгаа, үнэлгээ хийжээ.
Хүрээлэн байгаа орчны хохирол тооцох аргачлалын дагуу хийсэн үнэлгээгээр түймэр Задгайт, Хоньт, Азарга уул, Соёлз уул, Ханчандмань, Хөтөл нуур, Нөмрөг гол, Дэгээ голын сав газрын экосистемийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд сөргөөр нөлөөлсөн байна. Түймэр экосистемийн ихэнх хэсгийг хамарч, ой, ойт хээр, хээр, нуга болон голын татмын экосистемд өргөн хүрээний нөлөө үзүүлсэн. Хэдийгээр тал, хээрийн ихэнх хэсэгт байгалийн нөхөн сэргэлт явагдах боломж хадгалагдан үлдсэн боловч шатсан талбай, ойн экосистем, голын татмын эмзэг орчинд урт хугацааны сөрөг нөлөөлөл үргэлжлэх эрсдэл өндөр байна.
Түймрийн улмаас ургамлан бүрхэвч, хөрсний хамгаалах үе, амьтдын амьдрах орчны чанар, идэш тэжээлийн нөөц буурч, ус, хөрсний доройтол нэмэгдэж байна. Иймд байгалийн нөхөн сэргэлтийг дэмжих, өндөр эрсдэлтэй болон эмзэг бүсүүдэд хамгаалал, хяналт-шинжилгээ, экосистемийн нөхөн сэргээлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторингийн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай аж.
Байгаль орчинд учирсан нийт хохирол 1.2 ихнаяд төгрөг болсон. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлэн тооцох зохицуулалтын дагуу Нөмрөгийн дархан цаазат газрын хэмжээнд хохирлын үнэлгээ 3.3 ихнаяд төгрөгт хүрч байгааг үнэлгээнд дурджээ. Нөхөн төлүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир сайд хэллээ.
ТҮЙМЭР УНТРААХАД 367.6 САЯ ТӨГРӨГИЙН ШУУД ЗАРДАЛ ГАРСАН
Түймрийг унтраах, хээрийн судалгаа хийх болон холбогдох ажиллагаанд орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц сан, Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хилийн цэргийн 0198 дугаар анги, аймгийн Онцгой байдлын газраас санхүүжилт гаргасан байна. Түймэртэй тэмцэх болон холбогдох ажиллагаанд гарсан шууд зардал 346,6 сая төгрөгөөр тооцогдсон бол хохирлын актад тусгагдсан шууд зардлын нийт дүн 367,6 сая төгрөг байна.
Халхгол сумын засаг даргын баталсан ой, хээрийн түймрээс учирсан хохирлын актаар нийт 3.354.723.433.200 төгрөгийн хохирол учирсныг тогтоожээ. Үүнээс шууд зардал болох 367.665.520 төгрөгийг 2026.12.01-ний дотор төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирлын акт болон холбогдох баримт материалыг 2026.11.14-ний өдөр эрх бүхий хууль хяналтын байгууллагад хүргүүлсэн байна. Асуудал одоогоор хяналт шалгалтын шатанд байна.
НӨХӨН СЭРГЭЭЛТЭД 83.97 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ШААРДЛАГАТАЙ
Түймрийн улмаас байгалийн экосистемийн бүтэц, үйл ажиллагаанд томоохон өөрчлөлт гарсан тул байгалийн нөхөн сэргэх үйл явцыг дэмжих, эмзэг болон өндөр эрсдэлтэй бүсүүдэд хамгаалалт, хяналт-шинжилгээний арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх шаардлагатай гэж шинжээчдийн баг дүгнэжээ. Энэ хүрээнд экосистемийн нөхөн сэргэлт, байгалийн нөөцийн хамгаалал, урт хугацааны мониторингийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд урьдчилсан байдлаар 83.97 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэж тооцсон байна.

