Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Х.Баасанжаргал: “Ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй

Х.Баасанжаргал: “Ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй

УИХ-ын Хуульзүйн байнгын хороо, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо хамтран өнөөдөр (2026.11.25) Төрийн ордонд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хэн ч, хаана ч аюулгүй амьдрах эрхтэй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн газар, ЭСЯ-д, олон улсын хөгжлийн түншлэгч, донор байгууллагууд, Жендэрийн үндэсний хорооны гишүүд, холбогдох яам, төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл оролцов.

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал:

-Энэ аяны урианы “…ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй. Аяны хүрээнд ял завшихад нөлөөлж буй шалтгаан юу байна, гэм буруутай этгээд хариуцлага хүлээдэг үү, хохирогчийн эрх ашгийг сэргээсэн үү, хохирлыг барагдуулсан уу гэдэгт төвлөрөх нь зүйтэй. Үр дүн гарах ёстой.

ЗГХЭГ өнгөрсөн 3 жилийн орон нутгийн төсөвт дүн шинжилгээ хийгээд, ирэх жилийн төсөвт ямар ахиц гаргах вэ гэдэг мэдээллийг өгөөсэй гэж хүсэж байна. Учир нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын төсөв орон нутгийн төсөвт тусгагддаг. Цаашид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо чухал.

Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах, жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтыг түгээх, нэмэгдүүлэх зорилготой “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг Дэлхийн 180 гаруй улс 1991 оноос өнөөг хүртэл жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-нд нэгдмэл зорилго, нэг уриатай тэмдэглэж ирсэн. Аянд Монгол Улс 1997 оноос нэгдсэн. Энэ жил “Хаана ч аюулгүй” уриан дор зохион байгуулж байна. Харин НҮБ-ын уриа нь “Бодит ба цахим орчинд шударга байдлыг хангаж, хохирогчдыг хамгаалж, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэе” юм.

0/1000