Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Нийтийн албан тушаалтан Э.Х-ын гэр бүлийн гишүүнээс 12,1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ

Нийтийн албан тушаалтан Э.Х-ын гэр бүлийн гишүүнээс 12,1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлжээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 11 дүгээр сарын 16-20-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 449 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 294 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоо 155 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянаж байна.

Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг зөрүүтэй мэдүүлсэн, их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй, удирдлагын зөвшөөрөлгүйгээр давхар ажил гүйцэтгэсэн 7 албан тушаалтны зөрчлийг илрүүлж, Авлигын эсрэг хуулийн 13.8 дахь хэсэгт заасан хариуцлагыг тооцуулахаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд холбогдох албан бичгийг хүргүүллээ.

АТГ, Татварын ерөнхий газартай хамтран нийтийн албан тушаалтан Э.Х-ын гэр бүлийн гишүүний 2024-2025 оны орлого, албан татвар ногдуулсан, төлсөн байдлыг хянан шалгажээ. Уг шалгалтаар 12.1 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлж, 151.2 сая төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын удирдах албан тушаалтан Б 18 иргэний өмчилсөн газрын байршлыг өөрчилж, уг газарт төсөл сонгон шалгаруулалт явуулалгүйгээр 5 га газрыг нь аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн байна. Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн удирдах албан тушаалтан сонгон шалгаруулалтгүйгээр төрийн бус байгууллагатай 37 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээг шууд байгуулжээ.

Шийдвэр гүйцэтгэгч О Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчиж, төлбөр авагчаас мөнгө зээлжээ. Тэрээр уг хүнтэй урьд нь харилцаа холбоотой байсан гэнэ. Энэ тухай дээд шатны албан тушаалтанд мэдэгдээгүй байсан аж. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс үзэн, шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

0/1000