horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

Баруунд хэлэх үг

post-img

У.Хүрэлсүх удахгүй Америк явна. Тэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцоно. Тэнд түүнийг хүлээж байгаа. Монголын Ерөнхийлөгчийг танихгүй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд гэж одоо энэ ертөнцөд одоо байхгүй болсон. Тэд түүний хөлийн улнаас толгойн орой хүртэл цоо ширтэж, ёозгүй харах болно. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тэнд хохирогчийн дүрээр бэрс гарна. 

Дэлхий цугладаг тэр танхимд У.Хүрэлсүх улаан нүүрээ улалзуулаад орох уу, дипломатчийн уран ухаан уралдуулахаар очих уу гэдгийг харах л үлдлээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй. Баруунд хэлэх үг байгаа гэж найдъя.

Ирэх тоолондоо шилний цаанаас чихэр долоолгодог В.Путинг Монголд айлчлахыг У.Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 17-нд урьсан. БНХАУ-ын Бээжин хотод болсон “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтын үеэр түүнтэй уулзаж, Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ойд оролцохыг урьж буйгаа өөрийн биеэр дахин нотолсон юм. Урихгүй байж болоогүй болоод л урьсан байх. Нөгөөх нь ч уриулахыг хүссэн биз. 

Энэ үед Орос, Украин хоёр дайтаж байлаа. Олон улсын эрүүгийн шүүх В.Путинг цэргийн гэмт хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэр гаргаад, 7 сар болж байв. У.Хүрэлсүх тэр үед В.Путинг Монголд айлчлуулж, хэдэн гэрээ байгуулахыг чухалчлаад, түүний цаадахыг хараагүй бололтой. Олон улсын эрүүгийн шүүхэд өгөх бэлэн хариу байгаа учраас тийм юм хийсэн юм уу гэхээр тиймгүй юм шиг. Учир нь тэр одоо болтол тус шүүхэд ямар нэг хариу өгөөгүй байна. Магадгүй НҮБ-ын чуулганд очихдоо нэгмөсөн хариугаа өгөхөөр төлөвлөсөн байж ч болох.

Дэлхийн II дайны дараа улс орнууд дайнгүй, энх тайвнаар зэрэгцэн оршихын тулд НҮБ-ыг байгуулсан. Гэвч энэ байгууллагын тулгын чулууг тавилцсан Зөвлөлт Холбоот Улсын дараах ОХУ өнөөдөр дайн өдөөсөн. Үүнээс болоод НҮБ хүндхэн сорилттой тулгарч байгаа.

Тиймээс ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулган 9 дүгээр сарын 22-23-нд “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор ирээдүйн асуудлыг хэлэлцэх гэж байна. Чуулга уулзалтаас “Ирээдүйн төлөөх гэрээ”, “Ирээдүй үеийнхний асуудлаарх тунхаглал”, “Даян дэлхийн цахим гэрээ” гэсэн 3 баримт бичиг батална. Үүний дараа НҮБ-ын 100 гаруй гишүүн улсын төр, засгийн тэргүүний дунд 9 дүгээр сарын 24-30-ны хооронд ерөнхий санал, шүүмжлэл өрнөнө.

Ийм үед Олон улсын эрүүгийн шүүхийг Монгол Улс хэцүүхэн сорилтод унагачихлаа. Ирээдүй эвгүй сорилттой тулгарлаа. Өөрийг нь өөлөх өргөстэй, хүйтэн, цоо ширтсэн 200 гаруй нүдийг яаж зөөлрүүлэх юм бол доо. Гол нь тэнд Ухнаагийн Хүрэлсүх биш, Монгол Улсын Ерөнхийлөгч баалуулна гэдэг л хэцүү байна.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого баримталдаг. Тиймээс ч хөршөө урихдаа хэнээс ч асуухгүй. Асуугаа ч үгүй. Ой тэмдэглэх дуртай монголчууд бидний хувьд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойгоор хойд хөршийнхөө Төрийн тэргүүнийг урихгүй байж болно гэж үү? Баяр, наадамд дуртай дуртай гэхэд ямар ганцаараа тэмдэглэлтэй биш. Харин гуравдагчууд манайд ирсэн зочныг яллахыг хүсэж, түүнийг барьж өгөхийг биднээс хүсэж байлаа. Дэлхий ийм болжээ. Даяарчлал ийм болгож байна. Тэглээ гээд зочноо барьж өгнө гэсэн үг биш ч барьж өгөөгүй гээд энх тайвны замаас хазайсан хэрэг бас биш л дээ.

Үүнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бид аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургальч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг. Бид Дэлхийн үйл хэрэг дэх НҮБ-ын голлох үүрэг, зохицуулалтыг улам бүр бэхжүүлэхийг тууштай дэмжиж байна.

Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулж, олон улсын эрх зүйн хэм хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үздэг.

Иймд манай мөнхийн хөрш ОХУ нь Даян Дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, Дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний дэргэд мэдэгдсэн билээ. Одоо үүнийгээ НҮБ-д очиж хэлэх үлдлээ.

Нүүдэлчдийн ардчилал өвөрмөц. Хоёрхон хөрштэй улсынх бүүр өөр гэдгийг тэд ойлгохгүй ч байж мэднэ. Тэд бидний оронд байж үзсэн биш. Гэхдээ л тэд Дэлхийн газрын зургийг дахин харах хэрэгтэй. Том улаан дундах багахан өөр өнгийг гаднах өнгөнд нь уусгаж болохгүй. Эрчим хүчний хэрэгцээнээс болоод, ийм асуудал дэгдэж байгааг тэд мэдэж байгаа. Эцсийн эцэст энийгээ шийдэхэд бидэнд тусалчихвал энэ асуудал арилна гэдгийг тэд бас бодох хэрэгтэй. Эрчим хүчний салбараа шинэчлэхдээ Монгол Улс гуравдагч хөршүүдтэйгээ хамтарч бас болох шүү дээ. Тэдэнд ч сонголт байна. Бидэнд ч сонголт бий. Үүнийг ойлгуулж дөнгөвөл У.Хүрэлсүх хэргээ гаргана. Хоёр хөршийн хооронд биш, Дэлхийн хэмжээнд сэтгэх хэрэгтэй байна. Тэгсэн гэж ч найдаж байгаа юм сан.

0/1000