horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Т.Доржхандын эрчим хүчний наймааны ирээдүй

post-img

Монгол Улс уул уурхай гэдэг сүүтэй үнээн дээрээ дахин нэг саалийн үнээтэй болох том амбийц тээлээ. Тэрийгээ Шадар сайд Т.Доржханд зарлалаа. Манай улсын эдийн засгийн 70-80 хувийг авч явдаг уул уурхайн салбарын ачааллыг эрчим хүчний салбар хуваалцана гэвэл сайхан л сонсогдож байна. Өнөө л чихэнд зориулсан үгс. Холын мөрөөдлөө ходоодныхоо мухарт хадгалаад, ойрын асуудлаа хэрхэн шийдэхээр төлөвлөснөө уруул давуулдаг ч болоосой.

Эрчим хүчнийхээ үнийг ч чөлөөлж чадаагүй байгаа манай улс эрчим хүч зарж, мөнгө олно гэвэл лөөлөө. Эхлээд үнээ чөлөөлчхөөд, иргэдээ харанхуйд тэмтчүүлэлгүй, чийдэнг лаагаар орлуулчхалгүй шиг даваад гаръя. 1916 онд Нийслэлхүрээнд 20 орчим кВт хүчин чадалтай цахилгаан үүсгүүр анх ажиллаж эхэлснээр монголчууд тог гээч гайхамшигтай анх танилцсан гэдэг. Үүнээс хойш 108 жил өнгөрөөд байхад, үе үе эрчим хүч хязгаарладаг, өвөл болохоор тог тасрах вий гэж айдаг, өвлийн орой бүүр их түгшдэг улс л байна шүү дээ, бид.  

Цэлмэг тэнгэрийг 8 минут 19 секундэд саадгүй нэвтэрч, дахиад ийм хугацаанд манийгаа харлуулдаг Нарны илчийг манайхан эрчим хүч болгож ашиглах нь бүү хэл, биеэ шараад Д витаминаа ч авчхаж чадахгүй л байна. Хүүхдүүдийн 80 хувь нь Д витамины дутагдалтайг “Интермэд” эмнэлгийн хүүхдийн эмч, профессор Д.Гэрэлмаа судалгаагаар тогтоосон байдаг. Цэлмэг тэнгэрээ далайн орны иргэдэд гайхуулж, сэвшээ салхиа “Монголын үнэртэй” гэж таашаахаас хэтэрсэнгүй.

Улсын хэмжээнд одоогоор 297 МВт-ын нар, салхи, усан цахилгаан станц ашиглалтад оруулжээ. Үүнээс хувийн хэвшлийн хөрөнгөөр 90 МВт-ын нийлбэр чадалтай, Нарны 6 цахилгаан станц, 155 МВт-ын нийлбэр чадалтай салхины 3 цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбон, үйлдвэрлэсэн ногоон эрчим хүчийг нь хэрэглэгчдэд нийлүүлж байна.

Хувийн хэвшлийнхний Нар, салхины цахилгаан станцууд 2023 онд нийт эрчим хүчний 8.8%-ийг үйлдвэрлэж, борлуулалтын орлогын 22.3%-ийг авчээ. Эдгээр Нарны цахилгаан станц төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 1 кВт/ц цахилгааныг 500-600 төгрөгөөр, салхин цахилгаан станцууд 328-330 төгрөгөөр худалдаж байгаа аж. Тэгвэл дулаан, цахилгааныг хамтад нь үйлдвэрлэдэг дулааны цахилгаан станцууд цахилгаанаа 110-130 төгрөгөөр борлуулдаг. Ногоон эрчим хүчний үнэ манай улсад нүүрснээс гаргаж авдаг цахилгаанаас 3-5 дахин үнэтэй байгаа юм.

Үнэтэй цахилгаанаа иргэдэд сонголтгүй шахдаг атлаа нэмээд хэрэглэгчдээс сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гэж 23.7 төгрөг авч байгаа. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 11.2-т “Сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгааны үнийн зөрүүг дэмжих тарифаар нөхөн олгоно” гэж заагаад, ийм мөнгө шууд авдаг. Ийм нөхцөлд бид “Сэргээгдэх эрчим хүчний 14 мянган гегаваттын нөөцтэй” гэж санаашрахаас хэтрэхгүй л дээ. Эрчим хүчний салбарыг шинэчлэхдээ сэргээгдэх эрчим хүчний үнийг хямдруулах, тухайн үед байгуулсан өндөр үнэтэй, хариуцлагагүй гэрээгээ өөрчлөх, Нар, салхины эрчим хүчийг батарейд хуримтлуулж авах гэх мэтчилэн хийх ажил арвин бий. Юун экспортлох…

Монгол Улс эрчим хүч экспортлогч улс болно гэж төсөөлье. Хэнд зарах юм бэ? Монголын хэрэгцээт эрчим хүчний 13.38 хувийг нийлүүлдэг БНХАУ-д уу, 8.92 хувийг нийлүүлдэг ОХУ-д уу? Хоёрхон хөрштэй улс хэнд нь эрчим хүчээ зарах вэ? Хоёр хөршийнхөө газар нутгаар эрчим хүчний шугам татаад, гуравдагч хөршүүдэд зарах уу?

2023 онд манай улс 10.9 тэрбум кВт/цаг цахилгаан үйлдвэрлэж, 9.9 тэрбум кВт/цаг эрчим хүч хэрэглэгчдэд түгээжээ. Үүний 77.7%-ийг дотоодоосоо нийлүүлж, 22.3%-ийг гадаадаас импортоллоо. ОХУ-аас 938 кВт/цаг, БНХАУ-аас 1.5 тэрбум кВт/цаг эрчим хүч авчээ. Ийм байдлаар манай улс хоёр хөршөөсөө эрчим хүчээр 34 жил хамааралтай явж байна.

ОХУ-тай гэхэд, манай улс эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулан, улирал тутам шинэчилдэг. Үүнийг энергийн, чадлын, эрчим хүчний төлөвлөгөө, гүйцэтгэлийн зөрүү буюу хазайлтын гэсэн гурван төрлийн тарифаар тооцож авдаг. Хоногийн туршид авч буй эрчим хүчийг энергийн тарифаар тооцдог бол оргил ачааллын үеэр чадал авдаг. Авахаар тооцсон хэмжээнээсээ зөрүү цахилгаан авбал хазайлтын төлбөр төлнө. Ялангуяа өвлийн 17-21 цагийн хооронд ийм хазайлт их гарч, эрчим хүчний салбарынхныг сандаргадаг. Өвлийн ийм ид ачааллаас Нарны цахилгаан станцууд хуваалцдаггүй. Салхин цахилгаан станц харин 2013-2022 онд 0.2-10%-ийг үүрч, оргил ачааллаас хуваалцжээ.

2023 оны 12 дугаар сард Сибирийн зарим хэсэгт агаарын хэм -50 хүрч, цасан шуурга шуурсны улмаас Монголд нийлүүлдэг эрчим хүчээ 150 Мвт болгож хязгаарлахаа ОХУ мэдэгдэж, монголчууд бид түгшүүрт автан, манай Засгийн газар энэ тухай хэлэлцэж байлаа. Бидний байдал ийм л байна. Хоёр хөрш цахилгаанаа тасалбал, бид лаа барина.

ОХУ 2021 онд 1.31 тэрбум ам.долларын эрчим хүч гадаадад экспортолж, Дэлхийн 17 дахь том экспортлогч болсон юм. Тус улсын гадаадад зарж, мөнгө олдог барааных нь 37 дугаарт цахилгаан оржээ. Оросоос хамгийн их цахилгаан авдаг улсуудыг жагсаавал Финланд, Хятад, Латви, Литва, Казахстан гээд үргэлжилнэ. Үүний зэрэгцээ тус улс цөмийн эрчим хүч, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчийг ашиглан, устөрөгч үйлдвэрлэж, Дэлхийн устөрөгчийн зах зээлийн 20%-ийг хангахаар зорьж байна. Хэрвээ Европын орнууд одоо ОХУ-аас авч буй эрчим хүний хэмжээгээ багасгавал Хятад улс тэдний гол худалдан авагч болно. Хойд хөршдөө бид цахилгаан зарж чадахгүй гэдэг нь үүнээс харагдана.  

Манай улс 2029 он хүртэл Оросоос жил бүр 700 сая кВт.ц эрчим хүч авах гэрээтэй. Энэ гэрээгээ цуцлах, жил бүр ийм хэмжээний цахилгааныг өөрсдөө нэмж үйлдвэрлэх хэмжээнд хүрвэл бидний хувьд болоод явчихна.

Одоо урд хөршид зарах гээд үзье. БНХАУ 2021 онд “14 дэх таван жилийн төлөвлөгөө” баталж, 2025 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг сэргээгдэхгүй эрчим хүчний хэмжээнээс давуулах зорилт тавьсан. 2023 онд ногоон эрчим хүчний үйлдвэрлэлээ нийт эрчим хүчний 50%-иас давуулж, зорилтоо 2 жилийн өмнө биелүүллээ. Үүний зэрэгцээ Хятад улс байгалийн хийн хэрэглээгээ нэмэхээр ОХУ-аас “Сибирийн хүч 2” хоолой татаж байна. Хятадын зах зээлийг оросууд биднээс түрүүлээд эзэлж байна.

Тэгэхээр бид үлгэр ярихын оронд гадаадаас одоо авч буй 22.3%-ийн эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэе гэж зоривол илүү амьдралтай. Жил бүр 7-8%-иар нэмэгдэж буй хэрэглээгээ яаж хангах вэ гэдэг тооцоо гаргаж, олон нийтэд танилцуулбал болж байна. 2026 он гэхэд эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах том зорилтоо хугацаандаа биелүүлэх шаардлагатай.

4
0/1000