horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

ИХ СУРГУУЛИУДЫГ НҮҮЛГЭВЭЛ Улаанбаатар аяндаа 20 МИНУТЫН ХОТ БОЛНО

post-img

Төрийн ордон тойроод ганцхан км зайд АШУҮИС, СУИС, МУИС, ШУТИС, МУБИС, СЭЗИС, ХҮИС, Идэр, Сити, Этүгэн, Билэг, Чингис хаан, Соёл-Эрдэм, Гүрэн гээд 14 их, дээд сургууль бий. Үүний 7 нь төрийнх. Эдгээрт хамгийн олон оюутан сурдаг. Өглөө бүр 70 мянган оюутан хотын өнцөг булан бүрээс энд цуглаж, орой бүр эргээд тал тал тийш тардаг.

Төрийн өмчийн их сургуулиудыг хотоос гаргах санаачилга 2003 оноос эхтэй. ШУТИС-ийн ректор Д.Бадарч анх үүнийг санаачилж, “Найрамдал” зуслангийн ойролцоо 50 га газар авсан ч бүтээгүй. Дараа нь Буянт-Ухаа орчимд газар авсан ч алджээ.

Зөвхөн Улаанбаатар хотын замын түгжрэлийг арилгахын тулд их сургуулиудыг хотоос нүүлгэх гээд байгаа юм биш. Ажил дээр гараад гологддог дипломын голуудыг цөөлөх, их сургуулиудын сургалтыг чанаржуулах, хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй, чанартай мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай. ЭЕШ-д 440 оноо авсан сурагч одоо их сургуульд орж байна. 800 онооны ердөө талыг нь авахад хотод байрлалтай их сургуульд ордог. Их сургуулийн босго ийм намхан. Босгоо өндөрсгөвөл давах сурагч цөөн. Гэтэл их сургууль бол оюутан сургадаг, төлбөрөөр нь үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага. Босгоороо хэдэн оюутан давуулна, тэр хэрээр орлого олно. Үүнээс болоод босгоо намсгасаар, тэр хэрээр гологдол гарсаар… Гарах хаалганы босго нь ч орох хаалганыхтайгаа адил намхан. Тиймээс Д.Бадарч ректор ийм санаачилга гаргажээ. Их сургуулиудыг хотхон болгох нь оюутан, сургууль, ажил олгогч гээд хэн хэнд нь ашигтай. Монгол Улсад ч хэрэгтэй.  

Үүнийг Засгийн газар дэмжиж, 2006-2015 онд их сургуулиудыг хотоос гаргаж, хотхон байгуулан, цогцоор нь хөгжүүлэх мастер төлөвлөгөө баталсан юм. 2010 онд Ерөнхий сайд С.Батболд их сургуулиудын хотхон байгуулах чиглэл өгч, Засгийн газар “Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл” гэх 149 дүгээр тогтоол батлав. Уг тогтоолоор бол 2010-2021 онд үе шаттайгаар их сургуулиудын хотхон байгуулах байлаа. Өдийд их сургуулиуд хотхонтой, Улаанбаатарын зам түгжрэлгүй байх байлаа. Их сургуулиудын нэгдсэн хотхон Багануурт сүндэрлэж, Хүрмэнтийн хөндийгөөс хөгжлийн санаачилга хөвөрч байх байлаа. Уул уурхайн их сургуулиудыг Орхон аймагт, техникийн их сургуулиудыг Дарханд төвлөрүүлж, Ховд их сургуулийг баруун бүсийн, “Дорнод” дээд сургуулийг зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төв болгохоор төлөвлөсөн юм. Үүний дагуу БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаа байгуулсан. Энэ захиргаа Дорнод аймагт 100 га, Ховдод 200 га, Орхонд 50 га газар авчээ. Багануурт хотхон байгуулахад 2013 онд 11.6 их наяд төгрөг шаардлагатай байв. Үүний 2 тэрбумыг нь тухайн оны улсын төсөвт суулгаж, 315 саяар нь ТЭЗҮ, ерөнхий төлөвлөгөө боловсруулжээ. Үлдсэн мөнгөөр нь 2014 онд цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам татахаар төлөвлөсөн юм. Монголынхоо их сургуулиудыг судалгааных болгох, Дэлхийн жишигт хүргэх том юм бодсон УИХ, Засгийн газрын гишүүд Багануур луу нисдэг тэргээр очиж, их сургуулиудын хотхон байгуулах газрыг тэнгэрээс харж байлаа. Гэвч тэдний ажил тэнгэртээ үлдэв.

Дараагийн Засгийн газрын үед Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл нар хамтран, их сургуулиудын хотхоны ерөнхий төлөвлөгөө баталсан. Гэсэн ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Төсвөөс ямар ч мөнгө өгөхгүй. Өөрсдөө хөрөнгө оруулалт ол. Засгийн газар баталгаа гаргана” гэсэн бол дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг төсвөөс мөнгө хялайлгах нь байтугай баталгаа ч гаргахаас татгалзжээ. Засгийн газрын тэргүүн ийн нүүр буруулсан ч БСШУ-ы сайд Л.Гантөмөр уг ажлыг концессоор хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Гэтэл Орхон аймгийн 50 га газар дээр нь Хөвсгөл, Булганыг холбосон авто зам тавьчхав.

У.Хүрэлсүхийг засаглах болсны дараагаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ШУТИС-ийг Дарханд төвлөрүүлэхээр 2019 онд 30 га газар авч, дахин судалгаа хийн, санаачлагч Д.Бадарчид их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх ажлыг даалгажээ. Тэрээр 4 их сургуулийн захирлыг багтаасан ажлын хэсэг байгуулан, барилгын судалгаа хийлгэжээ. 

Засгийн газар 2020 онд Багануурыг төлөвлөлтөөс хасаж, ХААИС-ийг Дархан луу, ШУТИС-ийг Эрдэнэт рүү, Ховд, Дорнод руу эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиудыг, Дорноговь руу уул уурхайн сургуулиудыг нүүлгэхээр шийдэж, 2021 онд гэхэд ажил болгохоор төлөвлөв. Сэтгүүлчдийг цуглуулан, хэвлэлийн хурал хүртэл хийж энэ тухайгаа мэдэгдсэн. Ерөнхийлөгч Х.Баттулга 5 их сургуулийг Майдар хот руу нүүлгэж, Азид хамгийн том номын сан байгуулах санаачилга гаргасан ч дагуул хот ч үгүй, дагуулах хотхон ч үгүй сууж байна. 

Ё.Баатарбилэгийн дараа БШУ-ы сайд болсон Л.Цэдэвсүрэн Ховд, Дорнод, Дархан, Эрдэнэт, Багануур луу их сургуулиудыг нүүлгэхээ мэдэгдсэн. Одоогоор Дорнод, Ховд, Дархан, Эрдэнэтэд биеэ даасан их сургууль байгаа учир түүнийг түшиглэх хэрэгтэйг тэр онцолж байлаа. Төлөвлөгөөнөөс хасагдсан Багануурыг  Л.Цэдэвсүрэн сайд ийн буцааж авчирсан юм.

Гэтэл 2023 оны 8-р сард нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар шал өөр төлөвлөгөө танилцуулав. ШУТИС-ийг Шархад руу, СУИС-ийг Сэлбэ рүү, АШУҮИС-ийг Амгалан руу, МУБИС-ийг Ханын материал руу, ХҮИС-ийг Баянхошуу руу гэх мэтчилэн хотын зах руу гаргахаар тэр судалгаанд үндэслэн, төлөвлөсөн байлаа. Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад хотын захирагчийн хувиар санаа тавьсан нь тэр. Засгийн газар шийдэж чадахгүй, мөнгө төсөвлөхгүй бол хот асуудлаа шийдэх гарц хайжээ. Зөв л дөө. Шархад, Улиастай, Сэлбэ дэд төвүүдийг түшиглэн, их сургуулиудыг хотын зах руу гаргах нь одоохондоо байж болох ч ирээдүйгүй санаа. Д.Сумъяабазарын энэ санаачилгад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Их дээд сургуулиудыг нүүлгэх асуудалтай холбоотой бодлого Засгийн газрын шийдвэрээр тодорхой болчихсон. Дархан, Эрдэнэт, Хөшигийн хөндий рүү гэх мэтчилэн шийдвэр гарчихсан” гэсэн хариу өгсөн юм. Л.Оюун-Эрдэнэ “Их сургуулиудыг хаашаа нүүлгэх вэ” гэдэг өнөөх л олон хариутай бодлогыг бас л бодож, Хөшигийн хөндий гэдэг шинэ хариу гаргажээ.

С.Батболд, Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын 6 Ерөнхий сайдын хэн нь ч энэ асуудлыг шийдэж чадсангүй. Ё.Отгонбаяр, Л.Гантөмөр, Ж.Батсуурь, Г.Чулуунбаатар, Ц.Цогзолмаа, Ё.Баатарбилэг,  Л.Цэдэвсүрэн, Л.Энх-Амгалан нарын 8 сайд Боловсролын яамыг толгойлохдоо хэн нь ч энэ асуудлыг шийдүүлж чадсангүй. Яамных нь нэр хэдэнтээ өөрчлөгдөж, соёл, спорт гэдэг үгийг нэрэндээ нэг нааж, нэг ававч боловсрол гэдэг тодотголоо огт алдаагүй. Гэсэн атал боловсролын салбарынхаа энэ асуудлыг тэд шийдэхээ байг гэхэд эхлүүлж дөнгөсөнгүй.

Ерөнхий сайд нар зөвхөн их сургуулиудыг хаашаа нүүлгэх вэ гэдэг ганцхан асуултыг л бодож, янз бүрийн хариу гаргасаар 21 жилийг барав. Үнэндээ тэд их сургуулиудыг яаж нүүлгэх вэ гэдгээ л мэдэхгүй байх шиг. Нүүлгэхээс л халгаад байна. Л.Оюун-Эрдэнэ “20 минутын хот” гэж үлгэр зохиохын оронд их сургуулиудыг нүүлгэчихвэл Улаанбаатар аяндаа 20 минутын хот болох юм шүү дээ, уг нь.

1
0/1000