horoscope
horoscope
horoscope
userД. Сарантуяа

“SG Apes” баг шинэ бүтэц, бүрэлдэхүүнээр шинэ улиралд эргэн ирж байна

post-img

   Сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн шинэ улирал удахгүй эхэлнэ. Лигийн шинэ улирал хаяанд ирсэн энэ цаг мөчид багууд бүтэц, бүрэлдэхүүнээ зарлаж, тамирчдын шилжилт хөдөлгөөн эрчимжиж буй. Өнөөдөр сагсанбөмбөгийн лигт өөрийн өнгө төрх, авьяас чадвараа харуулж, өнгөрсөн жилийн лигт шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарсан “IHS Apes” баг 2024-2025 оны улиралд “Шунхлай” групптэй хамтын ажиллагаа эхлүүлж “SG Apes” болж, шинэ бүтэц, бүрэлдэхүүнээрээ лигт өрсөлдөхөө албан ёсоор зарлалаа.

   “Шунхлай” групптэй хамтын ажиллагаа эхлүүлсэн “SG Apes” баг өнгөрсөн жилийн бүрэлдэхүүнээсээ М.Өлзий-Орших, Б.Тулай, Ц.Санчир, Н.Ганбаатар, Т.Мэндбаяр, С.Эрдэнэдалай, Б.Билгүүн гэсэн тоглогчдыг хадгалж үлджээ. Харин энэ улиралд Э.Мөнхбаяр, Г.Цэлмэг, А.Базаргүр гэсэн лигийн шилдэг тоглогчдыг эгнээндээ нэгтгэсэн байна. Тэгвэл импорт тоглогч буюу легионер тоглогчоор АНУ-ын иргэн, 2024 оны Индонезийн IBL лигийн шилдэг 5 тоглогчдын нэг, төвийн байрлалд тоглодог Stephen Hurt, Гуамын шигшээ багийн тамирчин Earnest Ross гэсэн хоёр шилдэг тоглогч “SG Apes” багт хүчин зүтгэхээр болсон гэдгийг мэдэгдлээ.

Мөн өнгөрсөн жил МСБХ-оос зохион байгуулсан драфтын үйл ажиллагаанаас Б.Шинэбаярыг сугалаагаар авсан бөгөөд summer league-т “Apes” багаас тоглосон Э.Шаравжамц болон Э.Одсүрэн нарын тамирчдаар баг, бүрэлдэхүүнээ зузаатгаад байгаа юм.  

Ийн тус баг Үндэсний хэмжээний томоохон “Шунхлай” групптэй гурван жилийн хугацаанд хамтрах хамтын ажиллагааны гэрээг үзэглэв. Энэ талаар тус багийн эзэн, үүсгэн байгуулагч О.Мөнхжин: “Өнгөрсөн гурван жилийн хугацаанд гаргасан амжилтыг дараагийн шатанд аваачихаар шинэ хамтын ажиллагаа эхэлж байна. Сагсанбөмбөгт спонсор, хөрөнгө оруулагч гардаг, ордог. Багууд нэрээ сольж өөрчлөгддөг тогтворгүй байдал байдгийг та бүхэн мэдэж байгаа. “Шунхлай” групп “Apes” багт хөрөнгө оруулж байгаа нь зөвхөн өөрсдийн компаниа сурталчлах, спортыг ашиглаж нэр хүнд олох бус хөдөө орон нутаг, алслагдмал газарт спортыг хүргэх, сурталчлан таниулах, хөгжүүлэх зорилгоор сагсанбөмбөгийн спортод орж ирж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

Бидний хамтрал зөвхөн “Apes” гэсэн эрэгтэй багтай нэг улирлын турш хамтрах ажил бус илүү том хүрээнд хамтын ажиллагаа эхлүүлж буй хэрэг юм. Тухайлбал “SG Apes” эрэгтэй багаас гадна эмэгтэй багтай болох, 3х3 сагсанбөмбөгийн баг цаашлаад “SG young academy” буюу дараачийн залгамж халаагаа бэлдэх, өсвөр насны хүүхдүүдэд сагсанбөмбөгийн спортыг зааж сургах академик түвшинд бэлдэх зэргээр өргөн хүрээний хамтын ажиллагааг эхлүүлсэн. Энэ хамтрал нэг багийн ахиц, дэвшил, амжилт гэхээс илүүтэй Монголын сагсанбөмбөгийн амжилт, ахиц дэвшлийг дараагийн шатанд аваачих хамтрал болно гэдгийг онцоллоо.

Харин “Шунхлай” группийн Байгууллагын харилцаа хариуцсан захирал А.Батбаяр: “Шунхлай групп 1993 онд байгуулагдсан. Олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Үндэсний хэмжээний томоохон групп. Манай групп үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийсээр ирсэн. Тэр дундаа спортын холбоод, тамирчин, дасгалжуулагч болон олимпын төрлийн баг тамирчдыг бүх талаас нь дэмжин хамтарч ажилладаг. Энэ жил сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн “Apes” багтай хамтын ажиллагаа эхлүүлж байгаадаа маш их баяртай байна. “Шунхлай” групп “Apes” багтай 3 жилийн хугацаанд ерөнхий спонсороор ажиллах гэрээ байгуулсан. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Apes” багийг худалдан авсан гэх мэдээлэл гарсан. “Шунхлай” групп нь “Apes” багийн ерөнхий ивээн тэтгэгч гэсэн статустайгаар ажиллана. Энэ хүрээнд манай группийн 4 компани буюу “Апу” ХХК, “Скайтел” ХХК, “Шунхлай” компани, Дижитал концепт буюу GS25 дэлгүүр “Apes” багтай хамтран ажиллана. Бид зөвхөн ганц багтай хамтарч буй бус сагсанбөмбөгийн спортод хувь нэмрээ оруулъя гэж төлөвлөж байгаа.  Цаашид “Apes” багийг илүү хөгжих, компанийн засаглалыг төгөлдөржүүлэх, спортын менежментийг шинэ түвшинд гаргах, тамирчид дасгалжуулагчдыг дараагийн түвшинд гаргах зорилтуудыг тавьж байна” хэмээв.

Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Үндэсний Дээд Лигийн 2024-2025 оны улирал 10-р сарын 12-ны өдөр хөшгөө нээнэ.

2
0/1000