horoscope
horoscope
horoscope
userС. Энхжин

СОНГУУЛИЙН “МОРЬД” ЭРГЭВ

post-img

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулснаар сурталчилгаа албан ёсоор эхэлж байна. Хэдэн сарын өмнөөс нийгмийн сүлжээнд эхэлсэн далд сурталчилгаа ийнхүү албан хэлбэртээ орж буй юм. Улсын хэмжээнд бид 8028 төлөөлөгчийг аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д сонгоно. Сурталчилгааны 15 хоногт багтаан нэр дэвшигчид өөрсдийгөө болон намынхаа бодлого, мөрийн хөтөлбөрийг танилцуулна. Хэдийгээр шат шатны өөрөө удирдах байгууллагын төлөөллөө сонгож буй ч олон нийтийн анхаарал нийслэлийн ИТХ-ын сонгуульд илүү төвлөрдөг нь нууц биш. Уг сонгуульд 15 нам, нэг эвсэл оролцож буй.

Хэдхэн сарын өмнө болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиар парламентад төлөөлөлтэй болсон нам, эвслүүд нийслэлийн ИТХ-ын сонгуульд ямар уриа, бодлоготой орж буйг сонирхож үзлээ. МАН-ынхан “Хотын сэргэлт-Шинэ Улаанбаатар” уриа дэвшүүлэн оролцож байгаа аж. Өнгөрсөн найман жилд энэ нам ихэнх аймаг болон нийслэлд олонх болж ажилласан. Тэр урт хугацаанд хийж “амжаагүй” ажлаа ирэх дөрвөн жилд гүйцэтгэх гэнэ. Хотын хэт төвлөрлөөс утаа, түгжрэл зэрэг Улаанбаатарын гол асуудал үүсэж буй тул үүнийг задлахад тэд анхаарах юм байна. “20 минутын хот” хөтөлбөрийг Засгийн газар болон нийслэлийн түвшинд хамтран хэрэгжүүлж, А цэгээс Б цэг хүрэхэд 20 минут зарцуулан, төрийн үйлчилгээгээ ч саадгүй авдаг болгох юм байх. Үүний төлөө ажиллахаар 45 төлөөлөгчөө илгээснээ одоогийн нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ярьсан байна лээ.

УИХ-ын 2024 оны сонгуулиас эхлэн нам, эвслүүд өнгийг “өмчилж”, ижил хувцсаар жигдэрдэг моод дэлгэрээд буй. Энэ ёсоор АН-аас нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 44 хүн ижил лого бүхий пиджак, өмд болон цагаан кэтээр гоёжээ. ХҮН намынхан шаргал өнгийн цув сонгосон байна лээ. Гоё хувцастай байх нь ч дүүрч, үзэл баримтлал, бодлого дээрээ нэгдэн, эвтэй ажиллаж чадах, эсэх нь иргэдийн хувьд илүү чухал. Юутай ч АН-ынхан “Хүүхдийн төлөө хот” уриа бүхий мөрийн хөтөлбөр дэвшүүлэн оролцож байгаа аж. Тэд хүүхэд амьдрахад таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажил, төлөвлөгөөгөө боловсруулсан юм байна. Нэр дэвшигчдээ төр, хувийн хэвшил, энгийн иргэдийн төлөөлөл гэсэн гурван хэсгээс бүрдүүлсэн гэнэ. 30 жилийн турш хүүхдэд хамгийн аюултай хот бий болгосон засаг дарга нарыг тус нам цохон нэрлэсэн. Нийслэлийн АН-ын сонгуулийн хорооны ерөнхий менежер Б.Ган-Очир “МАН-ын үе үеийн хотын дарга нар өнгөрсөн хугацаанд 157.454 зөвшөөрлөөр хүүхдийн тоглоомын талбай, явган хүний замын 290.187 га газрыг хулгайлсан байна” гэсэн тоо хэлэв.

УИХ-ын сонгуулиар тус намынхан найман жил үнэмлэхүй олонх байсан МАН-ыг солих уриа дэвшүүлсэн ч дараа нь хамтарч Засгийн газар байгуулсан. Тиймээс одоо өрсөлдөгч-хамтрагчаа энэ мэтээр шүүмжлээд үр дүн гарах, эсэх нь эргэлзээтэй. Мөн л Засгийн газарт хамтарсан намуудын нэг болох ХҮН уг сонгуульд эмэгтэй удирдагчтай орж, мэргэжлийн хүмүүс нэр дэвшүүлснээ онцолж байна. Тус намынхан “Мэргэжилтнүүд өөрчилнө” уриа дэвшүүлжээ. Тус намын нэр дэвшигчид хотын иргэдийн итгэлийг сэргээж, эрс өөрчлөлтийг бодитоор манлайлан үзүүлж чадна хэмээн амлаж буй аж.

Парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр “торойж” үлдсэн ИЗНН-ынхан мөн л 100 хувийн ирцээр нэр дэвшүүлсэн байна. Тус намаас “Иргэн таны зориг ялна” уриа дэвшүүлжээ. ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны дарга М.Амартунгалаг “Манай 45 нэр дэвшигчийн 20 нь эмэгтэй. Бусад намтай харьцуулахад жендерийн тэгш байдлыг бид илүү хангаж байгаа. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр тухайн улсын авлигын индекс буурдгийг олон судалгаагаар тогтоосон. Нийслэлийн өнөөгийн өнгө төрхийг өөрчлөхөд, эмэгтэй хүмүүсийн мэдрэмж, бодлого шаардлагатай байна” гэжээ. Тэгвэл тэдэнтэй хамтран сөрөг хүчин хийж буй Үндэсний эвслийнхэн “Иргэн баян бол хот баян” мөрийн хөтөлбөр боловсруулж, “Хотоо хулгайч нар, бохирдол, үнийн өсөлтөөс аварна” гэжээ. Тус эвслээс нийт 26 хүн нэр дэвшүүлсэн юм байна.

Энэ мэтчилэн нам, эвслүүд сонгуулийн ажилдаа жигдэрч, “морьд” нь эргэжээ. Харин сонгогч та, бид нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөртэй сайн танилцаж, сонгуульдаа идэвхтэй оролцон, зөв сонголт хийх л үлдэж байна.

0/1000