horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Урт автобуснуудыг 20 гаруй тэрбумаар төгрөгөөр худалдаж авчээ

post-img

Нийтийн тээврийн бодлогын газар БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 20 угсраа автобус оруулж ирэн, Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд  өчигдөр гаргасан. Үлдсэн 11 автобусыг өнөөдөр Улаанбаатарт авчирч байна.  

2023 оны 12 дугаар сард манай улс БНХАУ-д үйлдвэрлэсэн 600 их багтаамжийн автобус авч, үйлчилгээнд гаргасан. Энэ худалдан авах ажиллагааны нэмэлт гэрээгээр эдгээр их багтаамжийн, угсраа 31 автобусыг авч байгаа аж.

Энэ автобус дотроо 41 хүний суудалтай, 125 болон түүнээс олон хүн зогсож зорчих багтаамжтай, 350 морины хүчин чадалтай, 18 метр урт, 16 камертай ажээ. Монгол орны цаг агаарын нөхцөлд тохируулан, тоормосны системийг нь 45 хэмийн хүйтэнд барихаар үйлдвэрлэсэн байна. Автобусан дотор халаалтын 15 систем суурилуулж, цонхыг нь цантахгүй байхаар тооцож, ваакум цонх суурилуулжээ. Зуны халуунд эйр кондишнээр бүрэн хөргөх системтэй юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шат, тэргэнцэр байрлуулах талбайтай.

Зорчигч төлбөрөө ямар ч хэлбэрээр төлөх боломжтой. Бүх банкны карт болон аппликэйшн, “Улаанбаатар смарт карт” уншуулах боломжтой. Гадаадын иргэн виза картаараа зорчиж болно.  

Энэ автобус урт учраас урт шулуун замтай, эцсийн буудал дээрээ эргэх өргөн радиуст замтай, зорчигч олонтой М:1 Таваншар-Офицеруудын ордон, М:2 Зунжин-МУБИС-Сүхбаатарын талбай, М:3 Архивын ерөнхий газар-Сүхбаатарын талбай гэсэн 3 чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй.

Улаанбаатар хотын бүх автобусны гадна талд хяналтын камер суурилуулж, Замын хөдөлгөөний дүрэм зөрчин, авто замын 1 дүгээр эгнээгээр явж буй машины дүрсийг бичин, зургийг нь авдаг болсон. Эдгээр урт автобусанд ч ийм камер суурилуулжээ.

Эдгээр 31 автобусыг Нийтийн тээврийн сангийн 20 гаруй тэрбумаар төгрөгөөр худалдаж авчээ. Уг санд 24 тэрбум төгрөг цугларсан байна. 2023 оны 12 дугаар сард Хятадаас авсан “Ютонг” загварын 600 автобусыг аж ахуйн нэгжүүдэд 10 жилийн хугацаанд эргүүлэн төлөх нөхцөлтэй зээлээр өгсөн юм. Нийтийн тээврийн компаниуд төлбөрөө сар бүр хуваарийн дагуу төлж байгаа аж. Үүнийг Нийтийн тээврийн санд төвлөрүүлж, дараагийн автобусыг худалдан авч байна.

1
0/1000