horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Ахмадууд ажил хийх цаг ирлээ

post-img

Монголд юу л байна, ажил байна. Хэдэн төгрөгийн цалинтай, ямар ажил вэ гэдэг нь л юу юм гэхээс ажил бол зөндөө. Гунхсан нь ажлаа голоод, гутлаа чирснийг нь ажлын байр нь голоод хэрэг алга. Ажил хайгч, ажлын байр, ажил олгогч гурав нэг нэгэндээ таарахгүйн зовлон их байна л даа. Нэг үеэ бодвол ажил олгогч нас зааж, нуруу хэмжин, зүс хардаг цаг өнгөрчээ. “Дээд боловсролтой, зөв төрхтэй, англи хэлтэй, харилцааны соёлтой үйлчлэгч ажилд авна” гэсэн зар тавиад, арайтай л адуу мал шиг шүдлэх нь холгүй аашилж байсан ажил олгогчид одоо GenZ үеийнхэнтэйгээ хэл амаа ололцохоо байгаад, хэцүүдэж эхэллээ. Цагаан гартай, цамаан зантай атлаа шаардлага өндөртэй, шаггүй авиртай гээд тэд ажилд гологдох болов.

Нэгэн байгууллага 2022 онд их сургууль төгссөн 3 залуу ажилд авчээ. 7 хонолгүй 1 нь ханиад хүрч чөлөө авав. Түүний ажлыг тухайн өдөр бүгд хувааж хийх болтол шинэхэн төгсөгчийн 1 нь даргадаа “Би хүний ажил хийж чадахгүй шүү. Чөлөө өгснөөрөө өөрөө ажлыг нь хийгээрэй” гэж шулуухан хэлжээ. Сарын дараа бас 1 нь “Би өнөөдөр эмороод байна. Ажилдаа очиж чадахгүй шүү” гэж утасдав. Удалгүй өнөө 3 залуугийн 1 нь “Энэ надад тохирохгүй ажил байна. Би өөрийгөө оллоо” гээд ажлаасаа гарав.

Ажилд оръё гээд Хөдөлмөрийн биржид бүртгүүлж, албан газарт анкет бөглөж явдаг цаг алсарч эхэлжээ. Боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээний салбарт ажиллах хүч ихээхэн хомсдож, ахмад багш, эмч, сувилагч нарыг урьж эхэллээ. Ковидоос үүдэлтэй цар тахлын үеэр Эрүүл мэндийн яам ахмад эмч, сувилагч нарыг хамгийн түрүүнд ажилд урьсан бол одоо Боловсролын яам ахмад багш нарт ажлын санал тавьж байна. Соёлын салбарт ч ийм үзэгдэл аль хэдийнэ гарсан. Шинэ төгсөгч, залуу хүн ажилд авах сонирхолтой байсан ажил олгогч нар одоо туршлагатай, ажлаа мэддэг, ёсзүйтэй, толгойдоо архивтай хүнийг илүүд үздэг болж байна. Үйлчилгээний салбарт ч тэр. Зөөгчийнхөө зүсээр үйлчлүүлэгч татах тактикаа менежерүүд орхиж, нас харгалзалгүйгээр хүн ажилд авч, үйлчилгээний чанар, хоолныхоо амтаар үйлчлүүлэгчийг соронздох аргад шилжээд, амжилт олж байна. Залуу хүн тогтохгүй байгаа зарим ажлыг ахмадуудаар хийлгэж болж байна.

Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээс үзвэл Монголд 2023 оны байдлаар 388.300 ахмад настан амьдарч байна. Энэ нь нийт хүн амын 10.9 хувийг эзэлж байгаа юм. Тэдний 31 хувь нь эрэгтэй, 69 хувь нь эмэгтэй. 2010 онд Монгол Улсын хүн амын 5.8 хувийг 60, түүнээс дээш настай хүмүүс эзэлж байсан бол 2024 онд 11 хувь болж, хоёр дахин нэмэгдлээ. 2050 он гэхэд ажлын насны 5 хүн тутамд 1 ахмад настан оногдох тооцоог ХЭҮК гаргажээ.

Монголчууд урт насалж байгаа нь сайн ч хүн ам хөгширч байгаа нь муу мэдээ.

Цэнхэр гараг даяараа ийм асуудалтай тулгарч байна. Үүнээс гарах арга замыг Дэлхий нийтээрээ хайсаар ахмадуудыг эрүүл идэвхтэй амьдруулах гэдэг гаргалгаа олжээ. Үнэнийг шулуухан хэлье. Насаараа түрий бариад, тэтгэвэр нэмэхийг шаардаж суух эрх ахмадуудад байхгүй болж байна. Хүүхэд, ач зээ, гуч жичдээ найдахын оронд өөрсдийнхөө хүчээр амь зуух цаг хаяанд ирлээ. Ажил хийж, тэтгэвэр дээрээ нэмэлт орлого олон, эрүүл, идэвхтэй амьдрах ёстой болж байна. Манай улс ч ахмадуудаа эрүүл, идэвхтэй амьдрахыг дэмжсэн бодлого хэрэгжүүлж буйг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам онцоллоо. Ахмадууд ажил хийвэл эдийн засагт чамгүй нэмэртэй.

Монгол хүний дундаж нас байнга нэмэгдсээр одоо 71 болоод байна. Манай улсад эрэгтэй хүн дунджаар 67, эмэгтэй хүн 76 насалж байгаа юм. Хүн амын дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр хөдөлмөрийн насны хүн амд ноогдох ахмад настны тоо нэмэгдэж байна. 2010 онд 10 хүн тутамд 1 ахмад ноогдож байсан бол 2040 он гэхэд 4 хүн тутамд 1 болохоор байна. Ийн монгол хүн урт наслахын хэрээр залуу ажилчдын эзлэх хувь буурна. Тиймээс мэдлэг чадвартай, ажлын туршлагатай ахмад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийг зохистой хэлбэрээр дэмжих шаардлага тулгарч байна. Чухам үүнийг бодолцож, Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран, 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагууд 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн, нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настан ажиллуулдаг болно.

Ахмадуудыг ажил хийхийг дэмжин, шинэ мэргэжил эзэмших, ур чадвараа хөгжүүлэхээр Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгажээ. Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамааран, 50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагууд 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн, нийт ажлын байрныхаа 2 хувиас доошгүй орон тоонд ахмад настан ажиллуулдаг болно. Ахмад настны тухай хуульд 2024 онд нэмэлт, өөрчлөлт оруулан, ийм заалттай болгосон юм. Тэгэхээр 50 хүнтэй компани наанадаж 1 ахмадыг ажилд авна гэсэн үг. Байнгын бус, хааяа гарч ирдэг ажлаа ахмадуудаар хийлгэх боломжтой. Ахмад настнаар ажил хийх боломжийг ийн хуулиар бүрдүүлж өгснөөр ажил олгогчид “Настай хүнээр ажил хийлгэж байгаад, асуудалд орох вий” гэж эмээхгүй болох, “Настай аав, ээжээрээ ажил хийлгэлээ гэж хүн муу хэлэх вий” гэж үр хүүхдүүд нь санаа зовохгүй болох, “Тэтгэвэрт гарчхаад, ажил хийж байдаг нь ямар учиртай юм бол доо” гэж хүн муу хэлэх вий гэж ахмад настан өөрөө нэр харах шаардлагагүй болох гээд олон сайн талтай.  

Ажил хийх хүсэлтэй ахмад олон байдаг. Ажил хийгээд, гялалзаж яваа ахмад ч зөндөө. Тэдний жишиг нийгэмд түгж, ахмадууд бүр олуулаа ажил хийх цаг ирж байна. “Гэрт суухаар өвчин ороогоод хэрэг алга. Ажил хийхээр бие хөнгөрөөд сайхан байна” гэсэн үгийг олон ахмадаас сонсож байлаа. Ахмадууд ажил хийхээрээ үнэхээр жавхааждаг шүү.

3
0/1000