horoscope
horoscope
horoscope
userХ. Болормаа

Хүлэрт намаг бүхий 20.000 га талбайг нөхөн сэргээж, 594.000 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ

post-img

Монгол Улс хүлэрт намгаа хамгаалах төсөл хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд хүлэрт намаг бүхий 20.000 га талбайг нөхөн сэргээж, 594.000 тн нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлнэ. Дэлхийн хөрсний нүүрстөрөгчийн 30%-ийг агуулдаг хүлэрт намгийн экосистемийг хамгаалснаар усны ундарга багасахгүй, биологийн олон янз байдал доройтохгүй байх боломж бүрдэнэ.

Монгол орны газар нутгийн 2%-ийг хүлэрт намаг эзэлдэг. Намгархаг экосистем гол, нуурыг усаар тэтгэж, хөрс элэгдэхээс сэргийлэн, ойн болон тариалангийн усны эх үүсвэрийг хадгалдаг.

Гэвч малын тоо хэт олширч, бэлчээр талхагдан, хүний буруу, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол орны хүлэрт намгийн экосистем доройтож, тэдгээрийн усны зохицуулалт болон уур амьсгалын дасан зохицох чадварыг алдагдуулж байна.

2015-2017 онд хэрэгжсэн “Монгол орны хүлэрт намгийн стратеги төлөвлөлт” төслийн хүрээнд манай орны хүлэрт намгийн 50% нь ямар нэг хэлбэрээр доройтсоныг тогтоожээ.

Өнөөдрөөс эхлэн хэрэгжих “Монгол орны хүлэрт газрыг удирдах, бэлчээрийн экосистем, малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төсөл нь хүлэрт намгийн экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх, ялангуяа доройтсон хүлэрт намгаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах, түүнчлэн уламжлалт нүүдлийн мал аж ахуй, малчдын чадавхыг сайжруулах замаар газрын доройтол, экосистемийн үйлчилгээг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэ төслийг 2024-2027 оны хооронд Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-гаас санхүүжиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP), Олон Улсын Цаатны Төв (ICR)-тэй хамтран хэрэгжүүлнэ.

2
0/1000