Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээр АН долоо, МАН 14 аймаг болон нийслэлийн ИТХ-д үнэмлэхүй олонх болоод байна. Харин гуравдагч хүчнийг төлөөлөх нам хэмээн үзэж байсан ХҮН нам энэ сонгуульд жинхэнэ утгаараа ялагдлаа. Мөн сонгогчид улс төрийн намуудад итгэл алдарсан, идэвх нь буурсан, урам нь хугарсны жишээг ирцийн үзүүлэлт харуулав. Тэр хэрээр бие даагчдад боломж олдсон сонгууль боллоо. Болж өнгөрсөн сонгууль бидэнд хэд хэдэн зүйлийг тодорхой хэлж өгөв.
Төлөөллийг бүрэн хангах зарчим манай улсад бүрэн алдагджээ. Улсын хэмжээнд сонгогчийн нэрийн жагсаалтад 2 246 164 хүн бүртгэгдсэн ч ердөө 53.1 хувь нь л сонгуульд оролцлоо. Гэхдээ эрх баригчдын хувьд ирц санаа зовох зүйл биш. Тэд дөрвөн жилийн өмнө Аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ирцийн 51 хувийн босгыг хүчингүй болгосон юм. Тэгэхээр хэдэн хүн санал өгнө, тэднээс илүүг авсан нь л ялах хууль сая үйлчиллээ. Ялангуяа нийслэлийн ИТХ-ын сонгуулиар энэ байдал илүү тодорхой харагдав.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт 1 004 671 сонгогч бүртгэгдсэний 42 хувь нь буюу 420 мянган хүн л саналаа өгчээ. Тэдний 90 хувийн саналаар МАН нийслэлийн ИТХ-д олонх болж, 40 суудал авлаа. Улаанбаатар хот 1.5 сая хүн амтай. Тэгэхээр нийт хүн амын 25 хувийн саналаар МАН нийслэлийн ИТХ-д үнэмлэхүй олонх болсон гэсэн үг. АН-аас жагсаалтаар сонгогдсон гишүүн Ж.Баярмаа энэ талаар “Нийслэлийн нийт сонгогчийн 20 хувийн саналаар олонх болчихоод олон түмэн минь бидэнд итгэлээ гэх нь мэдрэмжгүй хэрэг. Энэ бол МАН-ын гишүүд л гэсэн үг” хэмээн жиргэжээ. МАН бол 100 гаруй жилийн түүхтэй, 200 мянган гишүүнтэй нам. Эдгээр гишүүний 50 хувь нь нийслэлд амьдардаг байхад л ажил, амьдралаар нь барьцаалсан төрийн албан хаагчид, тэдний гэр бүл, бор зүрхээрээ итгэдэг ахмад дэмжигчидтэйгээ нийлээд дээрх 25 хувийг хангалттай бүрдүүлнэ.
Хотын хүн амын 75 хувь нь МАН-ыг огт сонгоогүй атал олонх болчихож байгаа нь яавч шударга биш. Гэвч хэн нь ч хууль зөрчөөгүй. Оролцсон хүмүүсийнхээ олонхын саналыг авсан уу, тийм. Ийм шударга бус “ялалт”-ыг МАН-ынхан дөрвөн жилийн өмнөөс л хуулиа өөрчлөх замаар бэлдсэн шүү дээ. Өөр ч төлөвлөгөө байсан нь мэдээж.
УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН дангаараа Засгийн газраа байгуулах хэмжээний төлөөлөлтэй болсон. Гэвч “Том төслүүдээ урагшлуулахын тулд хамтрах, ойлголцох хэрэгтэй” гэсэн гоё тайлбар дор АН, ХҮН намынханд санал тавьж, нөгөөдүүл нь ч гуяа алгадан хүлээн авсан. Эрх мэдэлд шунаж, албан тушаал горилсныхоо горыг дараагийн шатны сонгуулиар төлөхөө Л.Гантөмөр, Т.Доржханд нар гадарлаж байсан гэж найдна.
Үнэмлэхүй олонхоор найман жилийн турш засагласан зүүний намын эсрэг тулах ганц нам нь хүссэн, хүсээгүй АН л байсан. Тиймээс УИХ-ын сонгуулиар дотроо талцалтай, сэхээнд орсон АН-ыг иргэд ардчиллын үнэт зүйлээ хамгаалж үлдэх зорилгоор дэмжсэн билээ. Улмаар АН-ынхан парламентад 42 суудал авч чадсан. Гуравдагч хүчнийг төлөөлж, өөрчлөлт хийх мэдлэг, боловсролтой залуус хэмээн итгэж ХҮН намынханд ч харамгүй санал өгсөн. Тэд УИХ-д найман гишүүнтэй болсон. Гэвч хүчтэй сөрөг хүчин байхын оронд тэд МАН-тай хамтарсан нь өөрчлөхийн хүссэн олон хүний итгэл, урмыг хугалсан юм. Тиймээс тэдний олонх нь орон нутгийн сонгуульд оролцохыг ч хүссэнгүй. Оролцсон зарим нь итгэлээ дахин алдахыг тэвчээгүй учраас АН, ХҮН намынханд санал өгсөнгүй, хариуг нь барив. Ийнхүү итгэлгүй, урамгүй, сонголтгүй болгож орхиод МАН-ын Х.Нямбаатар багаараа гараад ирж байгаа юм. Улс төрийн өнцгөөс бол зөв тактик. Ухсан нүхэнд нь АН, ХҮН намынхан өөрсдөө очиж унаад, иргэдээр дүнгээ тавиуллаа.
Багаараа “арчуулсны” талаараа өнөөдөр нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа мэдээлэл хийв. Тэрбээр нам нь Засгийн газарт хамтарсны хариуд сонгогчид шийтгэснийг хүлээн зөвшөөрөөд “Сонгуулийг хуучин тогтолцоогоор зохион байгуулсан тул намын хатуу гишүүнчлэл, сүлжээ ажиллахыг бид мэдэж байсан. Гэхдээ ирц дөнгөж 42 хувьтай байлаа, арай илүү нэмэгдсэн бол бидэнд тус болно гэж тооцсон. Манай намд 217 779 хүн саналаа өгсөн. Сонгуульд яаж шударга оролцох ёстой, тэр л зарчмаар бид бодлого, мөрийн хөтөлбөрөө ярьж өрсөлдсөн. Эцэст нь сонгогчдын саналыг хүлээн зөвшөөрч, өөрсдөдөө дүгнэлт хийнэ. Шаардлагатай бол нам дотроо хариуцлага хүлээнэ” гэв. АН-ын нийслэлийн хорооны дарга Т.Батцогтын багаас өөрийг нь оролцуулаад ердөө таван хүн хотын парламентад сонгогдсон учраас тэр ч бас хариуцлага хүлээх учиртай. Тус намынхан ч бас өөрсдөдөө дүгнэлт хийнэ гэж найдаж байна. Улсын баатар Э.Бат-Үүл өөрийгөө дараагийн нийслэлийн намын даргад санал болгож, өөрчлөлт хийхээ мэдэгдсэн байна лээ. АН, ХҮН намынхан ийнхүү “гуниглаж” суух зуурт бүх төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлсэн нийслэлийн МАН-ын дарга Х.Нямбаатар хотын даргаар улирахаар бардам сууж үлдлээ.
МАН-тай дээгүүрээ эвсчихсэн учраас АН-ын дарга Л.Гантөмөр орон нутгийн сонгуулиар залуусаа оройлон ажилласангүй, бүр үзэгдсэн ч үгүй. Намаа “арчуулах” тохироогоо хийчихсэн учраас ичсэн ч биз. Хэдийгээр дээгүүрээ дарга нар нь эрх мэдэл горилоод таг болсон ч АН-ын анхан, дунд шатны залуус чадлаараа зүтгэжээ. Нөгөө талаас орон нутагт ардчилсан үзэл санаа, АН-ынханд итгэсэн сонгогчид бас үлдсэн аж. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын, ер нь бол МАН-ын “өмчилдөг” Хэнтий аймгийн ИТХ-д АН олонх болсон нь үүний нотолгоо юм. Тус аймгийн ИТХ-д АН-аас 18, МАН-аас 17 төлөөлөгч сонгогдсон байна. Энэ бол салхи эргүүлсэн сонголт. Мөн олон жил улаан сонголт хийсээр ирсэн Төв аймгийн ИТХ-д ч АН нэг төлөөллөөр илүүрхжээ. Тооны зөрүү нь нэг хэдий ч улааныг цэнхэртүүлсэн нь том амжилт боллоо. Хотын хаяанд оршдог аймаг атлаа Төв хөгждөггүй, тийм хүсэл удирдлагуудад нь байдаггүй гэхэд хатуудахгүй. Хэнтийчүүд ч мөн адил МАН-ыг сонгоод өөрчлөгдөхгүй гэдээ ухаарч эхэлсэн бололтой. Ийнхүү АН 21 аймгийн долоод нь буюу Говь-Алтай, Сүхбаатар, Хэнтий, Төв, Өмнөговь, Баян-Өлгий, Ховдод ялсан байна. Мөн нийт 330 сумаас 150-д нь тус намынхан олонх болсон аж. Хэдийгээр нийслэлчүүд АН-ын урвалтад хариуг нь өгч, урам хугарснаа илэрхийлсэн ч орон нутагт энэ нам харьцангуй амжилттай оролцсон байна. Хэчнээн итгэл эвдсэн ч МАН-ыг сонгохоос орон нутгийн иргэд залхаж, өөрчлөлт хүсэж эхэлсэн нь эндээс харагдана. МАН-ын дарга нарын “өмчилдөг” аймгуудад ийнхүү АН-ынхан ялсан нь хэн хэндээ л дохио болж байна.
Түүнчлэн уг сонгуулиар Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ-д 17 бие даагч, МАН-ын дөрвөн төлөөлөл сонгогдсон нь анхаарал татав. Бие даагчид аль ч шатанд бүлэг болох хэмжээний төлөөлөлтэй байсан түүх үгүй. Тэгвэл иргэд улс төрийн намуудад итгэл алдарч, залхаж буйн нэг илрэл нь энэ болов. Орон нутгийн сонгуульд нийт 268 бие даагч өрсөлдсөн юм билээ.
Нийт дүнгээр нь харахад МАН орон нутгийн сонгуульд дахин ялжээ. Дээр дурдсанчлан нэлээд их “хичээл зүтгэл” гаргаж байж шүү дээ. Гэхдээ АН-ынхан ухаалаг байж чадвал нийт олонхын тэдэнд хандах итгэл хараахан унтраагүй, асаах боломж үлдсэнийг илт улаан сонголт хийдэг аймгуудад хэрхэн салхи эргэснээс харж болно. Мөн цаашид 2020 онд хуулиас хасаж орхисон ирцийн босгыг буцааж нэмэх, иргэн бүр улс төрийн сонгох эрхээ заавал эдлэх, үгүй бол хариуцлага тооцох заалт хэрэгтэй гэдгийг уг сонгууль харууллаа. 2028 онд оршуулгаа хийх гээгүй л бол АН-ын гишүүд ирцийн босгыг хуульд буцааж нэмэх төсөл санаачлан, батлуулахын төлөө ажиллах ёстой. ИЗНН, Үндэсний эвслийнхэн болон ХҮН намын сайд болоогүй үлдсэн зургаан гишүүн ч үүнд хүчээ нэмэх нь зүй юм.